Манай улс 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” гэх хоёр шинэ хөтөлбөрийг нэвтрүүлсэн билээ. Одоогоор “Pearson” хөтөлбөрийг нийт 679 сургуулийн 3-8 дугаар ангид хэрэгжүүлж байна. Тэгвэл уг хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах ажлыг Дорноговь аймгаас эхлүүлснийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, англи хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх, хичээлийн явц, үнэлгээний зохион байгуулалттай танилцах, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцагчийн үнэлгээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж буй аж. Англи хэлний сургалтын шинэ хөтөлбөрийг орон нутгийн сургууль бүрд жигд, үр дүнтэй хүргэхийн тулд зөвлөх ажиллагааг Баянхонгор, Төв, Өвөрхангайд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Цаашид бусад аймгийнханд зөвлөн туслах гэнэ.
Ч.Цэлмэг