(МУИС-ийн профессор Ш.Чоймаагийн бүтээлийн тухай)
Ч.БАТТУЛГА (МУИС-ийн багш)
Багшгүй эрдэм гэж нэгээхэн ч үгүй тул багшийн ачлал эрдэм хэмжээлшгүй их билээ. Хэмжээлшгүй ачит олон сайхан багшаар хичээл ном заалгаж байсны нэг нь Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа багш билээ. Тэрбээр 1988 оноос сонин хэвлэлд монгол бичгийн хичээл тогтмол нийтлүүлж байгаад, 1989 оноос үндэсний телевизээр бүх нийтэд монгол бичгийн цуврал хичээл зааж, ард түмний дунд “Монгол бичгийн Чоймаа багш” хэмээн мөнхөд алдаршжээ. Монголд ардчилсан хувьсгал өрнөж, үндэсний ухамсар хүчтэй сэрж асан цагт Чоймаа багшийн хичээл үндэсний бичиг үсгээ сурч мэдэх хүсэл тэмүүллийн галыг бадраасан их үйл хэрэг байв.
Профессор Ш.Чоймаа ийнхүү мянга мянган шавь төрүүлээд зогсохгүй “Монголын нууц товчоо”, алтай хэл шинжлэл, төвөд хэл, монгол хэлний түү хэн хэл зүй зэрэг судалгааны чиглэлээр олон арван ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн билээ. Багш бээр гадаад улсад 65 ном зохиол, гадаадын эрдэм шинжилгээний тогтмол сэтгүүл болон эмхэтгэлд 31, улсын хэмжээний сэтгүүлд 59 өгүү лэл хэвлүүлж, олон улсын монголч эрдэмтдийн хуралд 37, улсын болон сургуулийн хэмжээний хуралд 25 илтгэл хэлэлцүүлжээ. Мөн эрхэлж эмхэтгэсэн болон хянан тохиолдуулсан ном зохиол 79, судалгааны хялбаршуулсан өгүүлэл 21, заах арга зүйн холбогдолтой өгүүллүүд 29-ийг хэвлүүлсэн байна.
ТЭМҮЖИН ХӨВГҮҮНЭЭС ТЭНГЭРЛЭГ ЭЗЭНД
Чингис хаан бол Монгол төрийн үлэмж гарамгай сэцэн билигт зүтгэлтэн, цэргийн аугаа их жанжин, Монгол үндэстний ялгуусан баатар, дэлхий ертөнцийг илбэн тохинуулагч (Ж.Болдбаатар) эрхэм дээд шүтээн мөн боловч “бурхан”, “хувилгаан” биш, харин бидний нэг адил мах цусанд төрсөн түүхэн бодит хүмүүн билээ. Чингис хааны Монголын болоод дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, намтар түүх, улс төр эдийн засгийн ухаан, цэрэг дайны ур чадварын талаарх бүтээл гадаад, дотоодод нэн олон гарчээ. Харин Чингис хаан буюу Тэмүжин нь бие хүний хувьд ямар хүн байв, хүний ямар зан чанарыг эрхэмлэдэг байсан талаар тусгайлсан судалгаа ховор байв.
Оросын эрдэмтэн Л.Н.Гумилев “XII-XIII зууны монголчуудын “нууц” ба “ил” түүх” бүтээлдээ “Чингис хаан бол зохиолын гол дүр (“МНТ” бол уранзохиол-түүхийн дурсгал гэдэг үүднээс үзвэл. Ч.Б) мөн. Гэвч хувь хүний тухай, зан төрх, авьяас билгийнх нь тухай дүгнэлт хийхэд маш хүнд” гэсэн бол Өвөр Монголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны үзэл санаа ба зан чанарыг бүх талаар системтэй бичих явдал бол тун хүчиртэй асуудал” гэсэн байдаг.
Энэ хүнд хүчир сэдвийн хүрээнд туурвисан профессор Ш.Чоймаагийн судалгаа нь урьд өмнө эргэлзээтэй, эсвэл нэг мөр болоогүй байсан олон асуудлыг тодорхой болгосноороо үнэ цэнтэй юм. Нэн ялангуяа анх 2005 онд ХБНГУ-ын Бонн хотод болсон “Чингис хаан түүний өв” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн “Чингис хааны бие хүний онцлог” илтгэл (2009 онд “Үлэмжийн их Чингис хаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн), 2012 онд МУИС-ийн “Монгол судлал”-д сэтгүүлд нийтлэгдсэн “Сурвалжаар тодруулсан Тэмүжиний бага, залуу нас” өгүүллийг онцлон дурдах нь зүйтэй. Эдгээр өгүүлэл нь 2013 онд “Тэмүжин хөвгүүнээс тэнгэрлэг эзэнд” хэмээх ном болон хэвлэгдсэн юм.
Энд Ш.Чоймаа багш “Нэг бол, ер бусын ид чадалтан, бурхан тэнгэр мэт хамаг сайн шинжийг цогц болгон дүрсэлж, дээд тэнгэрээс заяат төрсөн эзэн учир аугаа их үйл хэрэг нь “мөнх хөх тэнгэр”ийн тааллаар бүтэж байдаг гэж үзсэнээрээ Чингис хааны сайн муу үйл, хатуу догшин аян дайныг ч бүрэн зөвтгөх үндэс болгосон байдаг. Нөгөө бол, Чингис хаан бол дундад зууны үеийн харгис догшин, зэрлэг бүдүүлэг, хүйс тэмтрэгч алуурчин байснаар дүрсэлж, зарим сөрөг шинж, сөрөг үйлийг нь онц товойлгон бичиж, урьд хожид бичсэн ном зохиол, ам дамжсан домог ярианаас аль гаж этгээд мэдээг шүүрэн авч, түүхэн бодит үнэн мэтээр бичиж, улам дэвэргэсэн тал их байдаг. Чингис хааны бие хүний онцлогийг өгүүлэх гэвэл энэ хоёр хэтрүүллээс ангид байж, баттай ноттой түүхэн сурвалж “Монголын нууц товчоо” зэрэгт тулгуурлаж, тухайн үеийн монголчуудын нийгэм, ахуй амьдрал, зан заншил, уламжлал, шашин шүтлэг, нүүдэлчдийн хэв байдлаас ургуулан авч үзэх ёстой” гэсэн маш чухал санаа дэвшүүлжээ.
Эцэг Есүхэй баатар нас барснаас хойш үргэлжийн зовлон бэрхшээл, аюул түгшүүрийн дунд 10 шахам жилийг өнгөрөөсөн нь амьдралын том сургамж болсон төдийгүй ирээдүйн Чингис хаан хэмээх бие хүний гол гол зан төрх, амьдралын баримтлах зарчмынх нь үндэс бүрэлдэн буй болжээ. Эдгээрээс дурдвал;
Төрт ёсыг дээдлэх зарчим
• Үнэнч шударгыг эрхэмлэх зарчим
• Биеийг бус, сэтгэлийг хураах зарчим
• Бусдын сануулгаар бурууг засах зарчим
• Эвийг эрхэмлэх зарчим
• Аливаа иргэн албатад тэгш хандах зарчим
• Итгэлийг эхлэн үл эвдэх зарчим
• За хэмээсэн тангаргаасаа урвагчдыг бүрэн мөхөөх зарчим
• Ховын үгэнд үл итгэх зарчим
• Ухаантан мэргэдийг хүндэтгэн үгийг нь авах зарчим
Тансаг амьдралд үл шунах зарчим
• Тэвчин хүлцэж, түрүүлж үл ам нээх зарчим
• Буруутай бол хэнийг ч үл ялган цээрлүүлэх зарчим
• Ач тусыг үл мартан хариу барих зарчим
• Өвөг дээдсийнхээ хэв ёсыг бат сахих зарчим
• Уг удмаа үл мартуулах зарчим
• Цэргийн сахилга, цааз хуулийг чанд сахих зарчим
• Аливаа юмны эцсийн үр дүнг эрхэмлэх зарчим
хэмээн маш оновчтой тодорхойлсон байна.
Ийнхүү Тэмүжин гэх хувь хүн, түүний зан суртахууны эгэл хийгээд эрхэм нандин чанаруудыг “Монголын нууц товчоон” болон бусад сурвалжаар тогтоож, Чингис хааныг харгис хэрцгий, зэрлэг балмад гэх өрөөсгөл үзэл хандлагад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгснөөрөө уг бүтээл тун чухал ач холбогдолтой юм. Ташрамд дурдахад, миний бие Чингис хааны намтар, түүхийн ном цуглуулж, Тэмүжиний хувь хүний зан чанарын талаар сонирхон судалдаг бөгөөд энэ судалгаа бол үнэхээр Ш.Нацагдорж гуайн бүтээл лүгээ монгол хүний оюун мэлмийгээр тунгаасан сор бүтээл юм.
Харин одоо бидэнд энэ судалгааг, эзэн Чингис хааны зан суртахууныг Монголын ирээдүй хойч болсон хүүхэд багачууд өвлүүлэх эсэх, өвлүүлэх бол хэрхэн яаж вэ гэдэг асуудал тулгарч байна. Энэ талаар философич эрдэмтэн Б.Даш-Ёндон “Монголчуудын үндэсний ухамсрын эх суурийг тавигч нь Чингис хаан юм. Чингис хаан Монгол үндэстнийг төлөвшүүлэгч нь мөн учраас монгол чуудын үндэсний ухамсрыг үндэслэсэн байна. Үндэс угсаагаа хадгалах, хамгаалах хүч бол зөвхөн монгол хүн өөрөө юм. Өнөөдөр монгол хүнээс Монгол үндэстэн тогтож байна. Монголчууд бид өөрсдөө төр засгаа байгуулж байна. Иймд монгол хүн нэг бүрээ үндэсний ухамсраар сайн хүмүүжүүлж, түүнд эрдэм боловсрол сайтар олгож, төр засгаа байгуулахдаа хүнээ зөв сонгож, зохион байгуулалт, дэг журмаа эрс сайжруулах нь монголчууд бид үндэстний хувьд аюулгүй байхын чухал баталгаа болох билээ. Монголчуудын үндэсний ухамсрын цөм нь монгол түүхийн ухамсар байх ёстой. Тоо ихтэй, үндэстэн түүхээ сайн мэдсэн, мэдээгүйгээр өөрийгөө аяндаа аваад явчих чадалтай ч гэсэн залуу үедээ түүхийн ухамсар суулгах ажлыг бүх талаар хийдэг. Тоогоор цөөн үндэстэн түүхийн ухамсраа хайхрахгүй бол мөхнө хэмээн тун оновчтой хэлсэн байдаг.
Үнэхээр Тэмүжин Чингис хаан бол 800 гаруй жилийн турш монгол хүний, ялангуяа хөвүүн (эр) хүний даган дуурайх (үлгэр загвар болгох) төгс төгөлдөр, туйлын санааны идеал дүр байсаар ирсэн бөгөөд хэрэв бид монгол хүнийг монголоор нь авч үлдье гэвэл, шинэ цагийн монгол хүүхдийн “төгс” загварыг гаргая гэвэл ийнхүү Тэмүжин Чингис хааны зан чанар, үзэл санаа, үг хэл, үйл хэрэг бүрийг судлан, монгол хүний үлгэр жишээч дүрийг бүтээж болох юм.
2013 оны наймдугаар сарын 16-нд Монгол Улсын Засгийн газар 295 дугаар тогтоолоороо “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр баталж, улмаар Ардын багш Ш.Чоймаа тэргүүтэй эрдэмтэн судлаачид “Зөв монгол хүүхэд”-ийн загварыг гаргасан нь туйлын үнэ цэнтэй ажил байсан боловч харалган улс төрчдийн харгайгаар энэ ажил бүдгэрсэн юм. Хэдий тийм авч энэхүү судалгаа, судалгааны үр дүн ЕБСийн “Иргэний ёс зүйн боловсрол” зэрэг сургалтын хөтөлбөр, сурах бичигт ямар нэг байдлаар биеллээ олсоор явна.
Бид цаашид Ш.Чоймаа багшийн гаргасан энэ зам мөрөөр Тэмүжин хүүгийн зан чанар, үзэл санаа, үйл хэргийн талаарх судалгаа шинжилгээг амьдрал практикт нэвтрүүлэх, чиглэлээр ажиллах ёстой. Энэ бол эзэн хааны ч, их багшийн ч захиас гэж ойлгож байна. Мөн дэлхий дахинаа сурталчлах нь зүйтэй. Ил хант улсад монгол хэлийг “Хаадын хэл” гэдэг байсан, хааны гэр бүлийнхэн л хоорондоо ярьдаг, албат ноёд, харц ард огт мэддэггүй байсан тул ийн нэрлэсэн гэдэг домог бий. Хамгийн наад зах нь Оросын “Пушкины институт”, Германы “Гетёгийн институт”, Энэтхэгийн “Индра Гандийн институт”, Испанийн “Сервантесийн институт”, Хятадын “Күнзийн институт”, Солонгосын “Сэжүн институт” гэдэг шиг монгол хэл, соёлоо дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх “Тэмүжин” институт байгуулж, эзэн хааныхаа нэрийг мөнхөлж ч болох юм.
ЧИНГИСИЙН БИЛИГ СУРГААЛ
Үнэн хэрэгтээ бид өнөөдөр “Чингис, Чингис” хэмээн цээжээ дэлдээд байгаа л болохоос энэ агуу хүмүүний билиг сургаалыг уншиж, судалж байна уу, төр засаж, улс удирдаж буй эрхтэн дархтнууд эзэн Чингис хааныхаа төр барих эрдмээс суралцаж байна уу гэдэг чухал асуудал урган гарна.
Профессор Ш.Чоймаа МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулсан “Багшийнхаа лекцийг сонсъё” хүндэтгэлийн лекцэндээ “Бид Чингис хааныхаа нэрээр нь, зургаар нь бахархаад байх биш, үнэндээ Чингис хааны билиг сургаалыг уншиж судалж бахархах ёстой” гэсэн тун чухал санааг айлдсан байдаг. Тэрбээр монгол хэл, эх бичиг судлалтай амьдралаа холбосон тэр цагаас Чингис хааны билиг сургаалыг уншиж судлахын ач тусын талаар ярьж бичиж, судалгааны ажил туурвисаар ирсэн байдаг. Энд 2002 онд эзэн Чингис хааны 800 жилийн ойд зориулсан “Үлэмжийн их Чингис хаан” олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан “Их эзэн Чингис хааны билиг сургаалыг судлах асуудалд” илтгэл, 2006 онд эхүүдийг харьцуулж кирилл үсэгт хөрвүүлж, тайлбар хийн хэвлэсэн “Оюун түлхүүр нэрт шастир”-аас авхуулаад шавь нарын хамт бүтээсэн “Чингис хааны билиг сургаал” эмхэтгэл зэрэг олон арван бүтээл хамаарна.
Ш.Чоймаа багш “Юань улсын судар”-ын 136 дугаар дэвтэрт “Байжу бээр зарлигийг хүлээн авч алтан авдарт хадгалж агсан (байсан) Тайзу Богдын эрдэнэт сургаалыг гарган уншив. Түүний бие цогц сүр гэрэлтэй, дуу аялгуу ялгам тод, харагсад олноор чих үл тавин, хичээнгүйлэн сонсохгүй байх нь үгүй” хэмээсэн, мөн нэрт түүхч Ш.Нацагдорж “Чингисийн билиг сургаалыг Чингисийн зарлиг “Их засаг”-ийн адил Чингисийн гэрээслэн захисан ёсоор жилийн эхэн, дунд, адагт хан хөвгүүд, ноёд түшмэд хуран чуулж, хичээнгүйлэн сонсож, дагаж мөрдөх журамтай байжээ. Энэ журам нь нэлээд хугацаанд мөрдөгдөж байсан байна гэсэн зэргийг эш татаад үнэхээр “Чингисийн билиг сургаалыг тусгайлан бичсэн судрыг алтан ургийнхан ёс төртэйгөөр хадгалж, хүндэтгэлтэйгээр уншиж, явдал мөрдөө баримтлах гол чиг болгодог байжээ” гэсэн байдаг.
Ийнхүү их хааны билиг сургаалыг судалж, хойч үедээ өвлүүлэх талаар оюун бодлоо чилээнэ гэдэг Тэмүжин Чингис хааны үлдээсэн өв, захисан гэрээсийг сэрээж өгч байгаа их үйл хэрэг юм. Мөн цааш нь монголчууд дээр үеэс эх хэл, бичгээ заан сургахдаа өвөг дээдсийнхээ үг сургаалыг ашигладаг байсан ач тусын тухай Ш.Чоймаа багш “Нэгийг үйлдэхдээ нөгөөг давхар боддог, холыг харж, гүнийг сэтгэдэг өвөг дээдэс маань үр хүүхдэдээ үсэг бичиг заах, заалгахдаа зүгээр нэг аманд орсон үг, гарт тааралдсан ном зэргээс бичүүлдэггүй байжээ. “Хуучин цагт, гэрээр монгол бичиг заалгах үед, цагаан толгой үзэнгүүт, “Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир” гэж эхлээд “Чингис богдын зохиосон сургаал, үүгээр шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай” гэж төгсөх “Оюун түлхүүр” сургаалыг уншуулдаг бичигдээгүй хууль мэт журамтай байсан нь олон давхар утга учиртай байсан ажээ. Багачууд хүүхдүүдийг үсэг нүдлэнгүүт нь Эзэн богд Чингисийн билигээс сурвалжтай сургаалыг цээжлүүлдэг байсны ач буянаар монголчуудын олон үеийнхэн эзэн Чингисийн үеийн Их Монгол улсын тухай эртний түүхийг хүүрнэн ярилцаж, уг язгуураа үл умартан ирсэн буй заа” хэмээжээ.
Хэдий ийм сайхан ёс, уламжлалтай байсан боловч бид Эзэн богд Чингис хааныхаа билиг сургаалыг ирээдүй хойч үе, хүүхэд багачууддаа хүргэх бодит ажлыг бас л хийж чадахгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долоодугаар сарын 11-ны “Эзэн богд хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гарч төр, захиргааны байгууллагууд өрөө тасалгаандаа залж буй нь сайн хэрэг ч зураг хөргөөс илүү түүний билиг сургаалыг сурч судлах нэн чухал гэсэн Ш.Чоймаа багшийнхаа санал санаачилгыг бодит ажил болгох үүднээс “Чингис хааны билиг сургаал”-ыг сургах зарлиг шийдвэр гаргуулах санал, санаачилга дэвшүүлж байна.
Уг зарлигаар Чингис хааны билиг сургаалыг шинээр эмхэтгэн, албан ёсны сургаалын сонгомол цоморлог гарган, ЕБС болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаахын зэрэгцээ төрийн албан хаагчдын шалгалтад тодорхой агуулгыг хамааруулж болох юм. Нэн ялангуяа, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалд нэр дэвшигчдээс Чингис хааны билиг сургаалын утга учир, “Монголын нууц товчоон”-ы агуулгаас олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцээн, хэлэлцүүлэг хийдэг болох хэрэгтэй байна.
Харин бидэнд уламжилж ирсэн билиг сургаалууд Чингис хааных мөн, бишийн тухайд профессор Ш.Чоймаа “Чингис хааны билиг хэмээн ерөнхийлөн нэрлэж байгаа сургаалын яруу үгсийн дотор тухайн үеийн “ухаантан сэцэд мэргэдийн сэлбэн холбон өгүүлсэн” зүйл тун арвин байдаг. Энэ огт буруугүй бөгөөд Эзэн Чингис хаан тэд бүгдийг билиг сургаал болгон бичиж үлдээхийг зарлигддаг байсан. Тэр бүгд нь Эзэн Чингисийн таалалд бүрэн нийцсэн болохоор хааны сургаал мэтээр үзэх үндэстэй юм” гэсэнтэй бүрэн дүүрэн санал нийлнэ. Тухайлбал, “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн Чингис хааны зарлигийн захидалд “Мөнх тэнгэр, хятад иргэдийг хэтэрхий дээрэнгүй, омог бардмыг жигшсэн байнам. Хан миний бие умар зүгийн их хээр талд аж төрөн сууж, чин сэтгэлээр чигч чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, сүйтгэн бүрэлгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас идэх хоолоо адуучин үхэрчинтэй хуваалцан, ард түмнийг үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг эрхэмлэн, энэрэл хишгийг түгээмүй” (Ли Жичан “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, 2010, 18-р тал Орчуулсан Я.Ганбаатар, Ц.Ганбаатар) гэсэн байдаг. Эзэн хааны ард түмнээ үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдээ ах дүүгээн мэт хүндлэхийн зэрэгцээ адуучин үхэрчин, эгэл жирийн ард түмэнтэйгээ адилхан хувцас өмсөж, хоол ундаа хувааж идэхүйн энэ чухал үзэл хандлагыг суулгасан шинэ цагийн залуу удирдагч, улс төрчид төрөн гарсан цагт Монгол улс мандан бадрах болно. Эзэн Чингис хааны үлдээсэн өв, захисан захиас ердөө л энэ.
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа багшийн монгол хэлний дархлааг бэхжүүлэх, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх зэрэг хагас зууны хөдөлмөр зүтгэлийг нь нэгхэн нийтлэлд багтаах боломжгүй нь мэдээж хэрэг билээ. Гэвч энд Ш.Чоймаа багшийн “Монголын нууц товчоо”, Лувсанданзаны “Алтан товч”-ийн харьцуулсан судалгаа, “Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх үйлст оруулсан алдар гавьяаг онцлон дурдах нь зүйтэй.
Тэрбээр 2002 онд “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч эх бичгийн харьцуулсан судалгаа” хэмээх томоохон бүтээлдээ уг хоёр сурвалжийг харьцуулан судалж, ХIV зууны эцэст хятадаар галигласан “Монголын нууц товчоо”-ны эх болон XVII зуунд Лувсанданзаны гарт байсан “Монголын нууц товчоо”-ны эх хоёул монгол бичгээр бичигдсэн байсан, өөрөөр хэлбэл, уг судалгааныхаа гол зорилгыг “Монголын нууц товчоо”-ны анхны уйгаржин монгол эхийг сэргээн тэнхрүүлэх явдал хэмээн үзжээ. Энэ зорилгоо ч бүрэн дүүрэн биелүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 оны хоёрдугаар сарын 18-нд “Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай” 23 дугаар зарлиг буулгасан бөгөөд зарлигийн 1.Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээг хосгүй нэг хувь “Монголын нууц товчоо”-г урлан бүтээж Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай; 2.“Монголын нууц товчоо”-г айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй” хэмээсэн билээ. Уг зарлигийг биелүүлэх зорилгоор 2004 оны гуравдугаар сарын 22-нд БСШУ-ы сайдын тушаалаар байгуулсан “Монголын нууц товчоо”-ны эхийг бэлтгэх ажлын хэсэгт профессор Ш.Чоймаа багш оролцсон бөгөөд “Монголын нууц товчоо”ны анхны уйгаржин монгол бичгийн эхийг сэргээх хүндтэй үүргийг голлон гүйцэтгэсэн гавьяатан билээ.
Ташрамд дурдахад, дээрх зарлигийн гуравдугаар зүйлд: “Монголын нууц товчоо”-г цогц хандлагаар эрчимтэй судалж, бүх шатны боловсролын байгуулагын суралцагсдад үе шаттай судлуулахыг нийт эрдэмтэн, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчдэд уриалсугай” хэмээсэн байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долоодугаар сарын 8-ны “Монголын нууц товчоо”-г төрийн ордонд залах тухай” 227 дугаар зарлигийн 2.Шинээр урлан бүтээсэн “Монголын нууц товчоо”-ны хосгүй нэгэн хувийг жил бүрийн Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдөр түмэн олонд дэлгэн үзүүлж, хэсэгчлэн дуудаж таниулах ёслолыг үйлдэж, мэдээллийн хэрэгслүүдээр нийт ард иргэдэд сонордуулан толилуулж байсугай. 3.Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн анхны хичээлийг жил бүр “Монголын нууц товчоо” сэдвээр хийж байхыг боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөсүгэй хэмээсэн байдаг хэдий ч 20 жилийн дараа буюу өнөөдөр энэ үнэ цэнтэй бүтээлийг бүх шатны боловсролын байгуулагын суралцагсдад үе шаттай судлуулж байгаа нь хангалтгүй байна.
Ер нь зарлиг яах гэж гардаг вэ? Арай эх хэл соё лынхоо, эзэн Чингис хааныхаа үлдээсэн өв, захисан гэрээсийг ирээдүй хойч үедээ үлдээх гэсэн ахмад буурлуудаа аргацаах гэж биш биз. Зарлигийн хэрэгжилтийг бид хэнээс, хаанаас нэхэх вэ?
Профессор Ш.Чоймаа 2011 онд “Монголын нууц товчоо” (Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг) хэвлүүлсэн нь нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Энэ ташрамд дурдахад, МУИС-ийн Эх бичиг судлалын тэнхим эрхлэн “Монгол түүхэн сурвалж бичгийн цуврал” 30 ботийн нэгдүгээрт “Монголын нууц товчоо”-ны хөрвүүлэг, тайлбарыг Ш.Чоймаа багш үйлджээ.
“Монголын нууц товчоо” (Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг)”-ийн хамгийн чухал онцлог бол өнөө цагт утга ухагдахгүй үгийг онцлон тэмдэглэж, үг хэллэгийн хэллэгийн тайлбарыг зүйл бүрийн дор маш энгийнээр хийж өгснөөр “Монголын нууц товчоо”-г судалгаа шинжилгээний зорилгоор судлагчид, сонирхогчдод тун хэрэгтэй болсон юм.
Мөн тэрбээр сурвалж судлал, монгол хэлний түүхэн хэлзүйн чиглэлээр дэлхийн монгол судлалд хүлээн зөвшөөрөгдсөн олон бүтээл туурвижээ. Ганцхан жишээ дурдахад, доктор Д.Заяабаатар “профессор Ш.Чоймаа “Хаадын үндсэн хураангуй алтан товч” хэмээх түүхэн сурвалжийн хулсан үзгийн эхийг олж, эх бичиг судлалын үлгэр жишээ аргазүйгээр судлан эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан нь монгол сурвалж бичгийн судлалд чухал нээлт болсон юм” хэмээсэн байдаг.
Энэ мэтчилэн, Ш.Чоймаа багшийн монгол хэл, монголчуудын үсэг бичиг, төрт ёс буюу хос ёсны уламжлал, буддын гүн ухаан, ёс заншил, иргэний боловсрол, заах аргазүйн чиглэлийн судалгаа шинжилгээний тухай бичээд дуусашгүй билээ. Бид энэ удаад зөвхөн түүний Чингис хааны үлдээсэн өв, захисан гэрээсийн талаарх судалгаанаас цухас дурдахад ийм буюу.