
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах талаар өнөөдөр ярилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө, оройны ачаалал ихтэй үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд буй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах чиглэл өгөв. Тэрбээр "Өндөр ачаалалтай чиглэлүүдэд өглөө, оройн цагт төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаа автобусыг оруул. Жолооч нарын цалинг ТӨҮГ нь даах хэрэгтэй. Өнөөдрийн дотор холбогдох албаныхан ярилцаж, ирэх Даваа гарагаас үйлчилж эхлүүлэх нь зөв. Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт болж болохгүй. Мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулах хэрэгтэй" хэмээв. Мөн тэрбээр автобуснуудыг тогтсон цагт үйлчилгээнд явуулах санал гаргаж, ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр түгжрэлийг бууруулах танилцуулга боловсруулах үүргийн Сангийн болон Зам тээврийн сайд, нийслэлийн Засаг даргад өглөө. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй автобус баазын нэгэнд л гэхэд 70 орчим нөөцийн буюу илүү автобус байдаг талаар уулзалтын үеэр онцоллоо.