
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж ажиллалаа. Барилга барихаар ухсан тус газрыг барилгатай нь хамт 1994 онд өмч хувьчлалаар авсан бөгөөд хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд барилгаа буулган, шинээр барилга барих зөвшөөрөл авсан гэнэ. Ийн үл хөдлөх хөрөнгөө буулган, газар шорооны ажил эхлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга тус газарт орон сууц барихгүй, доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай, эсвэл эсвэл шууд ногоон байгууламж барих, эсэхийг иргэдээс санал авч шийднэ гэв. Мөн 1994 онд мөнгөө төлөөд хувьчлалаар авсан бол газрыг нь өөр газар дүйцүүлэх байдлаар шийдэж өгөхийг холбогдох албаныханд үүрэгдлээ.