
БНСУ-ын Сөүл хотын оршин суугчид төдийгүй хүмүүсийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг аялал жуулчлалын гол газруудыг үнэгүй интернэт сүлжээнд холбохоор болжээ. Тодруулбал, Намдэмүн, Хан мөрөн, Гуанхуамүний талбай зэрэг түүх, соёлын дурсгалт болон амралтын 17 газрыг үнэгүй интернэт сүлжээнд холбох гэнэ. Ингэхдээ интернэтийн үндсэн хурдыг дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлэх аж. Мөн эдгээр газруудыг үнэгүй интернэт сүлжээнд холбосноор Wifi хэрэглэгчдийн тоо 2.5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна.
Ташрамд дурдахад, аялал жуулчлалын болон үйлчилгээний газраар зорчих иргэдэд зориулан Ковид19-өөс урьдчилан сэргийлэх журмыг энэ сарын 5-наас эхлэн чангатгаж буйгаа БНСУ-ын Засгийн газраас мэдээлсэн юм. Тодруулбал, ресторан, кафе зэргээс бусад олон нийтийн болон хүн ихээр цугларсан газар юм идэхийг хориглоод буй. Хэрэв эл журмыг зөрчвөл аж ахуйн нэгжийг гурван сая, үйлчлүүлэгчийг 100.000 вонноор торгох гэнэ. Иймээс спорт талбай болон номын сан, кинотеатр, караоке зэрэг газруудад хоол идэхгүй байхыг анхаарууллаа.