
Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээнээс манай улс таван (эрэгтэй нэг, эмэгтэй дөрөв) эрх авлаа. Өмнө нь манай улс чөлөөт бөхийн төрлөөр олимпод оролцох хоёр эрхтэй байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнээс тавыг өвөртөлснөөр нийт долоон тамирчин хүч үзэхээр болсон юм. Алматы хотноо зохион байгуулагдаж буй Ази тивийн олимпийн эрх олгох эл тэмцээний 125 килограммын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх ОУХМ М.Лхагвагэрэл өрсөлдөж, Казахстанд болсон тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрх авсан тав дахь тамирчин болов. М.Лхагвагэрэл нь Пакистаны Хароон Абидийг 12:2-оор, шөвгийн наймд Кыргызстаны Айаль Лазаревийг 7:2-оор, хагас шигшээд Японы Тэцүя Танакаг 9:0-ээр тус тус ялж олимпийн наадмын эрхээ халаасалсан юм.