Увс аймгийн ихэнх нутагт уржигдар 16.00 цагаас хүчтэй бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэж, зорчих хэсэг цасаар хучигдан, авто замын нөхцөл байдал хүндэрсэн байна. Тодруулбал, Улаангомд 24, Малчинд 16, Цагаанхайрханд 13, Баруунтуруун, Өндөрхангайд найм Тэс, Зүүнговьд долоо, Өмнөговьд 6.6 мм хур тунадас оржээ. Мөн өчигдөр нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, цас үргэлжлэн орсон байна. Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж, Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг өнөөдөр 10.00 цаг хүртэл хаах шийдвэр гаргажээ. Сумдын чиглэлийн хөдөлгөөнийг мөн хязгаарлав. Түүнчлэн Түргэн сумын нутаг Улаандаваа, Тариалангийн Тошилтын хөтөлийн замын зорчих хэсэг хаагдсан байна. Мөн Улаангом дэд станцаас Өмнөговийн дэд станц чиглэлийн 110 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам мөстөж, гэмтэл гарсан аж.
Цаг агаар ийн огцом хүйтэрсний улмаас иргэд гал түлж, үүнээс үүдэн угаарын хийд хордсон есөн дуудлага бүртгэгдсэн байна. Цаашид бороо, цас Баруунтуруун, Малчин, Хяргас сумд үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй, малд явахдаа дулаан хувцаслах, насанд хүрээгүй хүүхдийг явуулахгүй байхыг онцгой байдлын албаныхан анхаарууллаа.
Ч.Болор