
Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ноос Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн чанаргүй зээлийн түүхтэй иргэдийн мэдээллийг нэг удаа хэвийн ангилалд оруулах тухай ил захидлыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нарт цахим хуудсаар дамжуулан өнгөрсөн сард хүргүүлсэн билээ. Эл хүсэлтийн хүрээнд Монголбанкныхан Монголын залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалтыг зохион байгуулах, санал солилцох хүсэлтийг хүргүүлсэн гэнэ. Харамсалтай нь, МЗХ-ныхон эл хүсэлтийг хүлээн аваагүйгээс гадна Монголбанкны ажилчид, удирдлагуудыг хүнд суртал гаргасан, авлига авсан хэмээн үзэж буйгаа дээр хүргүүлсэн ил захидалдаа дурджээ. Тодруулбал, тус захидалд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд 2021 оны гуравдугаар сарын 04, 11, 18-ны өдрүүдэд хүргүүлсэн албан бичигт холбогдох хариу өгөөгүй, хүнд суртал гарган ард иргэдээ үл тоосон, мөн ажилтнууд нь 500 мянгаас нэг сая төгрөгийн хахууль авч иргэдийг Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “сөрөг” мэдээллээс гаргадаг талаар дурдсан гэнэ.
Тиймээс Монголбанкнаас эл мэдээллийг хуурамч хэмээн үзэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худал мэдээлэл тарааж, Монголбанк, түүний ажилтнуудын ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа асуудлаар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандаж буйгаа мэдэгдлээ.