
Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутагт орших хуучнаар нэхмэлийн шарын байрнуудын дунд байрлах газарт “Марта Грийн” компанийнхан орон сууц барихаар төлөвлөж, газар шорооны ажлаа эхлүүлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцэлтэй тулсан билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын Засаг дарга барилгын ажлыг зогсоож, олгосон талбайг өөр газарт дүйцүүлэн өгөх шийдвэр гаргаад байсан юм. Мөн иргэдийн хүсэлтийн дагуу эл газарт хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бий болгох асуудлаар холбогдох албаныхантай хэлэлцэхээр болсон билээ. Тэгвэл “Нутгийн буян”, “Эм Эм Жи Капитал”, “Асиан сити” компанийнхантай хамтран төр, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар дээрх газрын тохижилтын ажлыг гүйцэтгэж, ногоон байгууламж, тоглоомын талбай барихаар болжээ.