
Тэртээ 1992 оны дөрөвдүгээр сард хүсэл, мөрөөдөл, нэг зорилгын доор нэгдсэн таван залуу унадаг дугуйгаар дэлхийг тойрох аяллаа эхлүүлж байжээ. Тэд 294 хоногийн турш дэлхийн олон орныг дугуйгаар тойрсон бөгөөд энэ сард 29 жилийн ой нь тохиож байна. Аялалд хайртай эл залуус багаа "Таван хуруу” хэмээн нэрлэсэн бөгөөд 294 хоног аялж, 28 000 километр замыг туулсан удаатай.

“Таван хуруу” багийн гишүүдийг 1991 оны арваннэгдүгээр сараас бүрдүүлж эхэлжээ. Энэ үед аяллыг санаачлагч, багийн ахлагчаар Г.Жаргалсайхан, гишүүдээр Г.Дэлгэрсайхан, Ш.Ёндондаш, А.Ганболд нарын дөрвөн хүнийг байлцуулахаар төлөвлөжээ. Улмаар 1992 оны нэгдүгээр сард багийн тав дахь гишүүнээр Б.Лхагвасүрэн сонгогдсон байна. Аялалд оролцох гишүүдийн ийнхүү нарийн сонгосон нь учиртай. Тэд аяллын туршид өөр өөрийн гэсэн хариуцлагыг хүлээх бөгөөд хойч үеийн аялагчдад мэдлэг олгох чухал даалгаврыг хүлээсэн байжээ. Тухайлбал,
Багийн ахлагч Г.Жаргалсайхан гадаад болон дотоод зохион байгуулалтыг хариуцан ажиллахын зэрэгцээ аяллын явцад телевизийн баримтат кино, гэрэл зургийн материал бүрдүүлж, цуврал нэвтрүүлэг бэлтгэн ажилласан юм.
Багийн гишүүн Г.Дэлгэрсайхан дугуйн спортын мастер төдийгүй техникийн инженер мэргэжилтэй хүн тул дугуйны эвдрэл, гэмтлийг засварлах гол үүрэгтэйгээр оролцжээ.
Мөн Ш.Ёндондаш дугуйн спортын олон улсын хэмжээний мастер, ахмад, туршлагатай хүний хувьд аяллын замын маршрутыг төлөвлөх, цаг уурын нөхцөлд зөв зохистой хувцаслах болон хоол хүнсний хэрэглээг хангах зэрэг нарийн, төвөгтэй асуудлыг зохицуулж, дугуйн аяллын өдөр тутмын асуудал, бэрхшээлийг хариуцан ажилладаг байж.
Өнөөх багийн гишүүн А.Ганболд зураач, сийлбэрч мэргэжилтэй учир аян замын явцад зураасан болон таталбар зургийн материал цуглуулж, гар зургийн үзэсгэлэн гаргах үүрэгтэй оролцож байлаа.
Харин Б.Лхагвасүрэн эрдэм шинжилгээний ажилтан байсан тул аян замын тэмдэглэл хөтөлж, ном, товхимол гаргах гол үүргийг хүлээн, аялалд нэгдэж байсан гэнэ.
Эх сурвалж: Battulga Baldangombo "Дэлхийгээр аялагч" цахим хуудас