
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Сүхбаатар дүүргийн IX хорооны нутагт 1008 айлын орон сууцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих юм. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84833,6 ам метр талбай бүхий 21 давхар, зоорьтой, найман блок барилга барихаар төлөвлөжээ. Мөн авто зам, зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга сүндэрлэх гэнэ.
Барилгын шавыг энэ сард тавих байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм байна.