
Гаалийн байгууллагаас үзүүлдэг 40 орчим үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлснийг өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Тодруулбал, хувь хүний явуулах болон шуудан илгээмжийн бараа, экспортын мэдүүлгийг цахимаар өгөх боломж бүрдүүлжээ. Мөн татварын чөлөөлөлтөд хамрагдах, татварын буцаан олголттой холбоотой хүсэлт илгээж болох аж. Түүнчлэн гаалийн байгууллагад иргэд өртэй, эсэх тодорхойлолт, гаалийн зөрчлийн лавлагааг цахимаар авч болох гэнэ. Баримт бичиг бүрдүүлэхэд тулгарах хүнд суртлыг арилгах, иргэдийн цаг завыг хэмнэх зорилгоор ийнхүү гаалийн байгууллагыг цахимжуулах үйл ажиллагааг идэвхжүүлж байгаа гэв.
Бэлтгэсэн С.Цэрэн