Сургууль, цэцэрлэгүүдийн амралт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнийг залгаад боловсролын байгууллагууд засварын ажлаа эхлүүлнэ. Төрийн өм чийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын их засварыг улсын төсвөөс санхүүжүүлдэг бол анги танхим, ширээ сандал будах зэргийг эцэг, эхчүүдийн хандиваар хийдэг бичигдээгүй хуультай. Тиймдээ ч дотоод засварын ажил шаардлага хангахгүй, ашиглаж буй барилгын материал, будаг, шохой нь хямд, тэр хэрээр хүүхдүүдийн эрүүл мэндэд хор учруулж байна гэсэн шүүмжлэл нийгэмд тасардаггүй.
Тэгвэл энэ зунаас эхлэн салбарын хөрөнгө оруулалтаар хийж буй, сургууль, цэцэрлэг, дотуур байрны гаднах болон дотоод орчны засвар, үйлчилгээнд тусгайлан томилсон ажлын хэсгийнхэн хяналт тавих болсныг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Аймаг, нийслэл, дүүрэг, сумуудад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, тухайн аймаг, сумын ЗДТГ, Боловсролын болон Стандарт хэмжил зүйн газар, холбогдох бусад хяналтын байгууллагынхан хамтран үүрэг гүйцэтгэж, хүний эрүүл мэндэд хортой барилгын материал ашиглахаас урьдчилан сэргийлэх гэнэ.
Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Сургууль, цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалт болон засвар, үйлчилгээнд хортой материал, будаг, шохой ашиглах явдал түгээмэл байна. Үүнийг одооноос цэгцэлж, хориглоно. Эхний ээлжид бүтээн байгуулалт нь өрнөж буй сургалтын байгууллагын барилга, байгууламжийн ажил, түүний засвар, тохижилтод ашиглаж буй материал, тоног төхөөрөмж, будаг, шохой зэргээс шинжилгээ авч, дүгнэлт гаргуулахаар болсон. Хортой материал, будаг ашигласан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг мөн сайжруулна” гэв.
О.Оргилох