Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцад хууль тогтоомжийг хэрхэн хангаж буйг шалгуулах зорилгоор хяналтын ерөнхий сонсгол хийх хүсэлтийг энэ сарын 3-нд Ж.Золжаргал тэргүүтэй 20 гаруй гишүүн УИХ-ын даргад тавьсан юм. Улаанбаатар хотын төсөв жил бүр 30 гаруй хувиар өсөж, сүүлийн Засаг дарга нь түүхэнд байгаагүй их мөнгө, эрх мэдэлтэй ажилласан. Гэвч мэдээлэл, зарцуулалт нь нээлттэй бус тул хардлага их гарч буй билээ. Тиймээс УИХын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1-т “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна” гэж заасны дагуу дээрх гишүүд хүсэлт гаргасан аж. 15-аас илүү гишүүн ийм хүсэлт гаргавал УИХ-ын Тамгын газар сонсголыг шууд зохион байгуулах хуультай.
Үүний дагуу Төсвийн байнгын хорооны уржигдрийн хуралдаанаар “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар” ерөнхий сонсгол зохион байгуулах тогтоолыг батлав. Сонсголыг ирэх сарын 15-16-нд хийх бөгөөд гишүүн Ж.Золжаргал даргална. Мөн ажлын хэсгийг нь гишүүн Д.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Да.Цогтбаатар нар багтсан байна.
С.Уул