Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өчигдөр олон нийтээр хэлэлцүүллээ. Засгийн газраас тус хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн ажлын хасгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт дотоодын 32 шүүгч, АНУ-ын Техас мужийн 19 шүүгч, прокурор, оюутан оролцож байна. Төслийг сайжруулах, зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оруулсан. Тухайлбал, гэр бүлийн хэргийн нөхцөл байдлын шинжээч гэх нэр томьёог хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн гэж өөрчиллөө. Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчтэй адилтган үзэж, олон салаа утгаар тайлбарлах эрсдэлтэй” гэв.
ХЗДХЯ-ны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул хуулийн төслийн талаар танилцуулсан бөгөөд тэрбээр “Олон улсын жишигт нийцсэн байдлаар яаж гэр бүл, хүүхдийн хэргийг шийдвэрлэх вэ гэдэгт ажлын хэсгийнхэн илүүтэй анхаарсан. Олон улсын шүүгч, прокурор, судлаачид төсөл боловсруулахад оролцож, улсынхаа туршлагыг танилцуулсан. Таван бүлэгтэй эл хуулийн төслийг дагалдуулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Гэр бүл цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох зэргийг илүү нарийвчлан тусгасан. Хэрэг маргааныг онцгой ажиллагааны болон ердийн журмаар шийдвэрлэх гэж хоёр ангиллаа. Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэрэг хариуцсан анхан шатны шүүх байгуулсан. Эл шүүх нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд орон нутгийн тухайд гэр бүлийн асуудлыг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх юм. Хүүхдийн тэргүүн дээд эрх ашгийг хамгаалах зарчмыг хуульд тусгасан. Шүүгч идэвх, оролцоотой байх, өөрийн санаачилгаар ажиллагаа явуулах, гэр бүлийн нөхцөл байдлыг бүрэн судлах талаар тодорхойлж оруулсан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлах шинжээч нь тухайн шүүхийн бүтцэд ажиллах сэтгэл зүйч хүн байх юм. Мөн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний тайланг гаргана. Үүнд маргаан, шалтгаан, нөхцөл, талуудын хүсэл зориг, байр суурь, хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй бол гэрлэгчдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, зан араншин, хүүхдийн өөрийн асрамжид үлдээхэд нөлөөлөх байдал, хүүхэдтэй уулзах боломж, цагийн хуваарь, талууд эвлэрэх, боломжтой, эсэхийг судалж, шүүгчийг бүрэн дүүрэн шийдвэр гаргахад мэдээллээр хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь тусдаа амьдрахад хүүхэдтэйгээ уулзах цагийн хуваарийг тогтоохын тулд ямар хүчин зүйлийг харгалзан үзэхийг тодорхой болгох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол хяналттай уулзуулах, ямар нөхцөлд эцэг, эх нь хамтарч шийдвэр гаргах зэргийг нарийн заасан” гэв.
Ч.Болор