
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн (СЭХСХ) ерөнхийлөгч Ким Жон Намтай өчигдөр цахимаар уулзаж, нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Нүүрсний илчлэгийг нэмэгдүүлэхэд цаашид хоёр чиглэлд түлхүү анхаарч ажиллах хүсэлтээ “Эрдэнэс Монгол” тавьсан аж. Тодруулбал, эрчим хүчний нүүрсний илчлэг, чанарыг сайжруулах, хоёрдугаарт, коксжих нүүрсний хаягдлыг боловсруулж, экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах боломжтойг Д.Хаянхярваа онцолсон байна.
СЭХСХ-гээс “Багануур” компанийн эрчим хүчний, “Тавантолгой”-н хаягдал нүүрсэнд туршилт хийхэд чанарын хувьд сайн үр дүнтэй гарсан гэнэ. Иймээс судалгааг үргэлжлүүлж, нүүрсний илчлэгийг сайжруулан, үйлдвэрлэлд ашиглах ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцжээ. СЭХСХ нь сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улстай агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж ирснийг Ким Жон Нам дурдаад, цаашид гэр хороолол, цахилгаан станцуудыг байгаль орчинд ээлтэй түлшээр хангах төслүүдийг дэмжихийг зорьж буйгаа илэрхийлэв. Дээрх хүрээлэн нь нүүрстөрөгчийг саармагжуулах үндэсний судалгааны гол төв бөгөөд эрчим хүчний технологи хөгжүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж буй гэнэ. Мөн СЭХСХ-гээс түүхий нүүрсийг сайжруулах технологийг Улаанбаатарын гэр хороолол, цахилгаан станцуудад нэвтрүүлэх талаар танилцуулга хийжээ. Тус хүрээлэнгийн судалгааны багийнхан уурын технологи ашиглан нүүрсний чанарыг сайжруулах туршилтуудыг амжилттай хийсэн аж. Иймээс цаашид Шивээ-Овоо, Багануурын уурхайн нүүрсний чанар, илчлэгийг сайжруулж, гэр хорооллын утааг бууруулан, цахилгаан станцуудад байгаль орчинд ээлтэй түлш нийлүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэжээ. Нүүрсний илчлэгийн чанарыг нэмэгдүүлснээр эрчим хүчний хэрэглээ, байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө буурах ач холбогдолтой юм.
Бэлтгэсэн Б.Сонор