
ХБНГУ-ын Мюнхэн хотын Хөгжмийн дээд сургуулийн ардын хөгжмийн факультетийн профессор Георг Гласл болон ятгачин, Консерваторын багш, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтарсан “Ятга ба зитер” (немцээр zither) бүл зэмсгийн хамтарсан тоглолт Консерваторын концертын “Б” танхимд болов. Уг тоглолтод тус сургуулийн ятгын ангийн сурагчид мөн оролцсон юм. Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөгжмийн дээд сургуульд түр хугацаагаар ажиллаж буй профессор зитер хэмээх Европт XVII зууны төгсгөл үед бий болсон, утсан, цохивор хөгжмийг монгол ятгатай хослуулан тогловол өмнө нь байгаагүй өвөрмөц дуурьсал бүрдэнэ хэмээн үзсэнээр багш Ч.Мөнх-Эрдэнэ болон түүний шавь нартай хамтарч хэд хэдэн бүтээл “амилуулснаа” цөөн тооны үзэгчдэд сонсгожээ. Тэдний тоглохыг сонссон багш нар шинэ мэдрэмж авснаа янз бүрээр илэрхийлсэн юм. Нэг нь “Ялдам дуутай ятга маань ямар сүрхий ааш араншинтай зэмсэг болон хувирав аа. Галав юүлж, тэнгэр ниргэх мэт, нэмэх, хасахын нэгдлээс их тэсрэлт мэдрүүлэх шиг боллоо” ч гэж байв. Тоглолтын дараа Георг багш Мюнхэн хотын Хөгжмийн дээд сургуулийн ардын хөгжмийн ангид нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн шавь нараас нэгийг суралцуулах болсноо, мөн өөрийн оюутнуудаас нэгийг түүнд шавь оруулах болсноо мэдэгдэв. Ташрамд дурдахад, бүл зэмсэг гэж төрөл, тоглох барил ойролцоо хөгжмүүдийг хэлдэг аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа