Манай улсын хэмжээнд нийт Өрхийн эрүүл мэндийн 225 төв (ӨЭМТ) үйл ажиллагаа явуулж, 1600 гаруй эмч ажиллаж байна. Тэднийг 70 гаруй хувийг 25- 40 насны залуус эзэлдэг бөгөөд салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос өчигдөр мэдээлэл өглөө. Тэд “Өнөөдөр бидний баярын өдөр тохиож байгаа ч тулгамдсан асуудлаа илэрхийлж, эрх ашгаа хамгаалуулахыг хүслээ. Анхан шатны эмнэлгийн мэргэжилтнүүдийг дунд түвшний дарамт, шахалтаас ангид байлгаж, бичиг цаасны болон тайлан мэдээний ажлыг цэгцлэх замаар ачааллыг нь бууруулах шаардлагатай. Мөн улс төрчдийн зохион байгуулдаг олон төрлийн хурал, цуглаанд өрхийн эмч, сувилагчдыг заавал оролцохыг шаардаж, квот тулган дарамтлах нь хэрээс хэтэрлээ. Эмч нарын гол үүрэг бол өвчтөнөө хянаж, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх явдал. Дэлхийн жишигт өрхийн эмч нарын ажлыг хэдэн сургалтад сууснаар нь биш, хэчнээн хүнд тусламж үзүүлснээр нь үнэлдэг. Ийм гажууд тогтолцоо зөвхөн Монголд л байна” хэмээв.
Өрхийн эмч нарыг дээрх дарамт, шахалтаас чөлөөлснөөр иргэн бүрд хүртээмжтэй тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, өвчлөлийг эрт илрүүлэх боломж бүрдэхийг тэд энэ үеэр онцлов. Ингэснээр лавлагаа шатлалын буюу дүүрэг, улсын чанартай томоохон эмнэлгүүдийн хэт ачааллыг бууруулж, ЭМДСгийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаас сэргийлэх ач холбогдолтой аж.
Харин орон нутгийн төлөөллүүд “ӨЭМТ-үүд ЭМДГ-тай гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл аймаг, дүүргийн ЗДТГ болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэмэлтээр урьдчилан сэргийлэх аян зохион байгуулж, ӨЭМТ-үүдийг хамтран ажиллахыг тулгадаг. “30-45 хоногийн дотор нийт иргэнийг бүрэн хамруулж, ирцийг 80 хувьд хүргэ. Шаардлага хангахгүй бол гурвалсан гэрээг цуцална” гэх мэтээр сүрдүүлж, бидний үндсэн ажилд саад учруулж байна. Түүнчлэн дээрх байгууллагууд элдэв төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр ӨЭМТ-үүдээр үнэ төлбөргүй ажил хийлгэхийг оролддог. Гэтэл эдгээр аянд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, материалын зардлыг бид өөрсдөөсөө гаргадаг” гэлээ.
Э.Сүйлэн