
Нийслэлийн иргэдийн ирэх хаврын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэх үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан нөхцөлд мах бэлтгэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд энэ сарын 20-ны дотор хүсэлтээ хүргүүлэх ёстой аж. Бүрдүүлэх материалдаа нийлүүлэх махны төрөл, хэмжээ, мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдсон, эсэх талаарх мэдээллээ багтаах гэнэ. Мөн стандартад нийцсэн, зориулалтын барилга, байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах болон тээврийн хэрэгсэлтэйгээ нотлох зэрэг 10 гаруй шаардлага хангасан байх учиртай аж. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүд үхэр, хонь, ямааны 10 650 тонн мах бэлтгэжээ. Харин энэ намар, өвөл 15 000 хүртэлх тонн мах нөөцлөхийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлэв.
Бэлтгэсэн С.Дулам