
13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 18-24-нд зохион байгуулахаар товлосон билээ. Наадмын үеэр энэ жил 11 улсын уран бүтээлчдийн 18 киног үзүүлэх бөгөөд онцлох орон нь ОХУ байхыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэв. Үүний хүрээнд “Ардын элч” киног онцолж, наадмын үндсэн зурагт хуудсыг бэлтгэсэн бөгөөд эл уран бүтээлийг англи хадмал орчуулгатайгаар олон нийтэд хүргэхээр болжээ. Тус киноны Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас уг дүрээрээ мөнгөн медаль хүртэж байсан аж. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтээсэн, Канн, Берлин, Венец зэрэг олон улсын А зэрэглэлийн наадмын шагналтай бүтээлүүдийг “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэжээ. Тэдгээр уран бүтээлийг “Тэнгис” кинотеатрт үзүүлэх юм.
Наадмын уламжлал ёсоор энэ жил монгол киноны “Хангарди” уралдаан зарлажээ. Гэсэн ч цар тахлаас улбаатайгаар уран бүтээлчид төдийлөн кино хийгээгүй бололтой, тун цөөхөн бүтээл ирүүлсэн байна. Тиймээс зохион байгуулагчид уралдаанд оролцуулахаар ирүүлсэн дөрвөн бүтээлийг “Улаанбаатар” наадмын “Монгол киноны хөтөлбөр” хэсгээр үзүүлэхээр болжээ. Үүнээс гадна дотоод, гадаадын уран бүтээлчдийг туршлага солилцуулах зорилготой форум, хэлэлцүүлэг, сургалтуудыг ч зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Мөн “Монгол киноны хөмрөгөөс” үзэсгэлэн гаргах юм байна.
“Улаанбаатар” олон улсын наадмыг Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан, нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар зэрэг байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.