
Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг дэлгэцийн ээлжит бүтээлээ “Тэгри чину” гэж нэрлэсэн. Эл уран бүтээлийн нээлтийн ёслолыг энэ сарын 25-нд “Корпорэйт” зочид буудалд хийх болжээ. “Тэгри чину” нь 10 ангит, түүхэн, туульсын сэдэвт кино юм. Тус бүтээлийн шинэ ангиудыг пүрэв гараг бүр “Voo”-гээр үзүүлэх аж. Кинонд ангол, хадаан, хэрээ, чонос, агтчид, дарх, сайран, цагаан гавал, арилжаачин зэрэг тал нутгийн найман овгийнхны тухай өгүүлэх бөгөөд дүрүүдэд Ардын жүжигчин Д.Гүрсэд, Гавьяат жүжигчин Ё.Цог, М.Дорждагва, Ш.Доржсүрэн, Н.Ялалт, Б.Батмэнд, С.Ариунбямба, П.Отгонбаяр, Б.Шинэбаяр, Б.Эрдэнэбаяр, Б.Болдхүү, З.Аминсанаа, А.Дэлгэрмаа, Н.Бадарч, Б.Батболд нарын уран бүтээлч тогложээ.
Тэгвэл “Тэгри чину” киноны танилцуулга болон дүрүүдийн хөрөг зэрэг 30 орчим бүтээлийг “Norphei” арт галерейд өнгөрсөн баасан гарагт толилуулсан юм. Уг танилцуулга зургийг зураач Б.Отгонтүвдэн бүтээжээ. И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академи төгсөж, сургуульдаа уригдан багшилсан анхны монгол зураач болох Б.Отгонтүвдэн бие даасан 14, хамтарсан 13 үзэсгэлэнгээ ОХУ, БНХАУ, БНСУ-д дэлгэсэн юм. Тэрбээр “Тэгри чину” бүтээлийг суурин уран зураг ба монументаль уран зураг төрлөөр, зотон, тос техникээр, 400 см урт, 200 см өргөн хэмжээтэйгээр бүтээжээ.