Улаанбаатар хотын орон сууцын түрээсний үнэ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар бүх сегментэд буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тэр дундаа гурван өрөө орон сууцын түрээсний үнэ оны эхнээс хамгийн өндөр дүнгээр буюу дунджаар 230 мянган төгрөгөөр буурсан байна. Статистикаас харахад, нийслэлд гурван өрөө орон сууцын сарын дундаж түрээс оны эхэнд 2.8 сая орчим төгрөг байсан бол дөрөвдүгээр сард 2.57 сая болж буурчээ. Харин хоёр өрөө орон сууцынх мөн хугацаанд 100-150 мянган төгрөгөөр хямдарсан үзүүлэлттэй аж. Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар хаврын улиралд оюутан, түр оршин суугчдын эрэлт багасдаг нь түрээсний үнэд нөлөөлдөг аж. Мөн өнгөрсөн хоёр жилд шинээр ашиглалтад орсон орон сууцын нийлүүлэлт өссөн нь үнийн дарамтыг сааруулж буйг онцолжээ.
Үндэсний статистикийн хорооныхон орон сууцын түрээсний дундаж үнийг тооцохдоо Улаанбаатар хотын зургаан дүүргийн 18 байршлаас мэдээлэл цуглуулан нэгтгэсэн байна. Байршлаар нь авч үзвэл Сүхбаатарын талбай, 220 мянгат, Зайсан болон “River garden” хотхон орчимд түрээсний үнэ хамгийн өндөр хэвээр байна. Эдгээр бүсэд хоёр өрөө орон сууцын сарын түрээс 2.5-3.5 сая, харин гурван өрөөнийх дөрвөн сая төгрөгөөс давж буй.
Г.Сансар