Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөчлөг сөрсөн өрийн удирдлагын менежмент хэрэгжүүлнэ гэв

Улсын их хурал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээх үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн гол асуудлуудын үндсэн зангилаа нь төлбөрийн тэнцэл болсныг онцлоод, манай улс сүүлийн 10 гаруй жилийн турш төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдалтай явж ирсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэн, өр үүсэх үндсэн шалтгаан болсныг дурдав.

Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жил дунджаар ДНБ-ий 19.5 хувьтай тэнцсэн нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан ч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр 15.5, анхдагч орлогын тэнцлээр 14.9 тэрбум “ногоон”-ы алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбумын алдагдалтай гарахад хүргэжээ. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлснээр уг өрийн хэмжээ 27.1 тэрбум ам.доллароор өссөн аж. Монгол Улс сүүлийн 14 жил зэсийн экспортоос 21.4, нүүрснийхээс 22, нефтийнхээс 4.4, алтныхаас 7.1, төмрийн хүдрийнхээс 5.8 тэрбум гээд нийт 73.8 тэрбум ам.долларын орлого олжээ. Гэвч энэ хугацаанд хүнс 7.1, автомашин 5.1, шатахуун 13.5 тэрбум гэхчлэн нийт 69.1 тэрбум “ногоон”-ы бүтээгдэхүүн импортолсон аж. Мөн гадаад улсуудад тээврийн үйлчилгээнд 3.2, аялал жуулчлалд 3.6 тэрбум зэргээр нийт 15.5 тэрбум ам.долларын үйлчилгээний төлбөр төлсөн дүн гарчээ. Эдгээр үүссэн өр нэмэгдэхийн хэрээр гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашигт төлдөг төлбөр өссөөр байгаа гэнэ. Тухайлбал, өнгөрсөн 14 жил зээл, бондын хүүд 6.4, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгийн төлбөрт 7.8 тэрбум ам.доллар төлжээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн дурдсанаар өдгөө манай улсын гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрээд буй. Үүнээс 8.5 тэрбум нь Засгийн газар, 2.6 нь Монголбанк, 1.7 нь арилжааны банкууд, 12.3 нь шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг, 8.2 тэрбум нь аж ахуйн нэгжүүдэд ногдож байгаа юм. Гадаад валютын албан нөөц улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцжээ. Монголын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгаа аж. Ташрамд дурдахад, 2012 оноос хойш Засгийн газар 3-10 жилийн хугацаатай “Чингис”, “Дим сам”, “Мазаалай”, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад”, “Сенчири” бонд гаргасан билээ. Цаашид Засгийн газраас мөчлөг сөрсөн өрийн удирдлагын менежмент хэрэгжүүлж, ялангуяа донор улсуудаас, хөгжлийн түншүүдээс авдаг зээлийг аль болох багасгана гэдгийг Сангийн сайд тэмдэглэв.

Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийсэн байна. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх жилийнхээсээ 22.3, 2019 онд 14.3, 2020 онд 28.9 хувиар өсжээ. Нийт зээлийн 44 орчим хувийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан бол 16.5-ыг нь зам, тээвэр, 7.2-ыг нь эрчим хүч, 5.3-ыг нь усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6-ыг нь эрүүл мэнд, 2.5 хувийг нь боловсролын салбарт зарцуулсан гэнэ. Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагын зээлээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүйг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат онцоллоо. Мөн төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээ батлан хэрэгжүүлсэн нь нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь бууруулсныг тэмдэглэв. Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Э.Бямбажав эдийн засгаа дэмжих, тэлэх зорилт, дотоод, гадаад өрөөр санхүүжүүлэх бодлого нь “өртэй, эмзэг эдийн засаг”-тай болоход хүргэж буйг сануулсан юм. Мөн төсвийн урхагшсан алдагдал нь өрийн хэмжээ өсөх суурь шалтгаан болсоор Монгол Улсыг гадаад өрийн шалгуур үзүүлэлтүүдээр дефолтод орох эрсдэлтэй 10 орны тоонд оруулж байгаа гэв. Бас гадаад өрийн удирдлагыг сайжруулахад одоогийн хууль, журам, стратегийг өөрчлөх шаардлагатай. Тодруулбал, гадаад зээлийг цаашид экспортыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд ашиглах, ингэхдээ тухайн зориулалтаар төлөвлөгөөт хугацаанд гаднаас авах санхүүжилтийн хатуу хязгаарыг тогтоож, мөрдөх нь зүйтэй хэмээсэн юм. Үүнээс гадна гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь өөрийн үйл ажиллагаа, орлого, ашгаараа зээлийн төлбөрөө гүйцэтгэх чадвартай нөхцөлд л гаднаас зээлийн эх үүсвэр татах хатуу зарчмыг хуульчлах, хэрэглээ болон халамжийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчин хэрэгтэйг тодотгов.

Хэлэлцүүлэгт оролцогчид валютын гадагшлах урсгалыг хязгаарлах, дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд жил бүр төлбөрийн тэнцлийн судалгаа хийж, түүнд үндэслэн төсвийн болон макро эдийн засгийн төсөөлөл хийх хэрэгтэйг хэлж байлаа. Мөн Монгол Улсын төсвийг алдагдалгүй болгон, хяналтыг нь чангатгаж, шалгуур үзүүлэлтүүдийг хатуу мөрдөж ажиллах замаар Засгийн газрын өрийн түвшнийг багасгах, экспортод чиглэсэн үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих, Экспортын даатгалын сан байгуулах, гадаад хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэв.

Бэлтгэсэн Б.Сонор