Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Загасан толгой, Арбунхантын отоглох цэгт 8280 аялагч майхантай амарчээ

2022-08-01

Аялал жуулчлалын оргил үе буюу зургаа, долдугаар сард Хөвсгөл нуурыг зорих дотоодын жуулчны тоо эрс нэмэгддэг. Өнгөрсөн сард гэхэд Алаг-Эрдэнэ сум дахь Загасан толгойн отоглох цэгт 2280, Хатгалын Арбунхантын отоглох цэгт 6000 аялагч майхантай амарчээ. Эдгээр отоглох цэг нь гурван тоннын багтаамжтай дөрвөн ариун цэврийн байгууламжтай бөгөөд үйлчилгээний ажилтнууд гурван хоног тутам бохирыг нь соруулдаг гэнэ. Харин баяр, наадмын оргил ачааллын үед өдөр бүр бохирыг нь соруулж, цэвэрлэжээ. Амрагчдын зүгээс ариун цэврийн байгууламжийн тоог нэмэх шаардлагатай, удаан хугацаанд дугаарлаж байна гэсэн гомдол гаргасантай холбогдуулан БОАЖЯ-наас энэ асуудлыг шийдвэрлэхээр болсон аж. Тодруулбал, аялагчдад тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд тухайн хоёр отоглох цэгт стандартын шаардлага хангасан жорлон нэмж байгуулах үүргийг салбарын сайд ажлын хэсгийнхэнд өгчээ. Ташрамд дурдахад, тусгай хамгаалалттай газар дахь отоглох цэгт майхантай хоноглоход аялагчдаас 5000 төгрөгийн хураамж авдаг аж.