Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сосорбарамын гэрийн гадаа жагсаал зохион байгуулсан этгээдийг шалгаж байна

Цахим орчинд 2022 оны долоодугаар сарын 26-ны өдөр “Эх Орон Нэгдэл” гэх хаягнаас “Масктай жагсаал хөдөлгөөн, Шадивлангийн амны гарцыг чөлөөл Д.Сосорбарамын орд харшны үүднээс...” гэсэн гарчигтай лайв бичлэг нийтлэгдсэн. Шалгалтын явцад тухайн бүртгэлгүй жагсаал цуглаан болсон газар нь нийт 6 өрхийн эзэмшлийн зуслангийн газар байдаг бөгөөд үүний нэг нь иргэн Д.Сосорбарамын эзэмшилд байдаг байна. Дээрх масктай жагсаал цуглааныг зохион байгуулсан иргэн “Б” нь энэ оны 07 дугаар сарын 26, 31-ний өдрүүдэд Чингэлтэй, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал, цуглааныг зохион байгуулсан тул дээрх үйлдлүүд нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж заасан. Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гудамж талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ”..., 2 дахь хэсэгт “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана” гэж хуульд заасан байдаг.