Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хар галууны тоо толгойг хүн бус, махчин амьтад зохицуулах ёстой гэв

Дорнод аймгийн Халхгол сум дахь Буйр нуурт урьд жилүүдийнхээс олон тооны тураг гогой иржээ. Үүний зураг, дүрс бичлэгийг харсан зарим иргэн “Арга хэмжээ авах хэрэгтэй. Загасны тоо толгой, нөөцөд аюултай” гэх болов. Тус нуур орчимд нутагладаг иргэд, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг газрууд тэмцэж эхэлсэн талаар ч мэдээлэл түгэв. Энэ талаар тус аймгийн БОАЖГ-ынхнаас тодруулахад “Ямар нэг арга хэмжээ аваагүй. Иргэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэх вий гэж сэрэмжлэх үүднээс өнгөрсөн хавраас эхлээд тухайн газарт нутагладаг айлуудад зөвлөмж, мэдээлэл хүргүүлсэн. Тураг гогой буюу хар галуу устгасантай холбоотой мэдээлэл манай байгууллагад ирээгүй” гэсэн юм. Тэгвэл БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Монгол орны байгаль орчинд тулгамдсан, гамшгийн хэмжээнд хүрсэн асуудал олон бий. Гэхдээ тэдний нэг нь хар галуу биш. Энэ шувуу 25 насалдаг, 4000 хүртэлх тоогоор сүрэглэж явдаг онцлогтой учраас олны анхааралд өртөөд байгаа юм. Үнэг, хярс, бүргэд, хэрээ, цахлай зэрэг махчин амьтан хар галууны тоо толгойг зохицуулдаг болохоос биш, хүн оролцох ёсгүй ” гэв.

Бэлтгэсэн Ж.Танан