Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндсэн хуулийн өөрчлөлтийг өрдөх “давхар дээл”-ийн маргаан

2022-08-15

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг Цэц өнөөдөр их суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэнэ. Тодруулбал, хуульч Д.Үүрцайх УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цэцэд мэдээлэл гаргахдаа дээрх нэмэлт, өөрчлөлтийн 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн зааж, сайд нар “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, тодорхой заалтуудтай зөрчилдөж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар үүнтэй ижил агуулга бүхий мэдээлэл гарган, Цэцэд хандсан юм. “Давхар дээл”-тэй холбоотой асуудлаар Цэц маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаан зарласан ч хойшлуулсан бөгөөд дахин товлоогүй байв.

Үндсэн хуулийн цэц эл маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь нэлээд хүлээлт үүсгэж, анхаарал татаж байна. Юуны түрүүнд энэ нь Үндсэн хуульд ойрын үед дахин нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхтэй холбоотой. Тодруулбал, энэ удаа УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 120-иос доошгүй хүнийг парламентад сонгохоор өөрчлөх тухай ярьж буй. Улмаар УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд “давхар дээл” буюу УИХ-ын гишүүний албан тушаалыг сайдынхтай хавсрахад тавих хязгаарлалтыг үгүй хийе хэмээж байгаа. Тухайлбал, эл асуудлаар Цэцэд хандаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхэд уриалж буй хуульч Д.Үүрцайх “Одоо 76 гишүүнтэй байгаа нөхцөлд дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болох зохицуулалт нь ахадсан хэрэг. 19 гишүүнтэй байнгын хорооны хуралдаанд “давхар дээл”-тэй сайд нар дотнын нэг нэг гишүүндээ нөлөөлчихөд л парламентын хяналтыг давж, асуудлаа шийдүүлчихнэ. Нөгөө талаас “давхар дээл”-гүй сайд нар парламентад асуудлаа ойлгуулж, хамгаалах, дэмжлэг авах боломж хомс байгаа учраас УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа холбоо саармагждаг. Энэ уялдаа холбоог сайжруулж, Засгийн газрынхаа бодлогыг дэмждэг, тогтвортой олонхтой парламент бүрдэж байж үйл ажиллагаа нь чанаржих юм. Улмаар намууд төлөвшиж, дотоод хариуцлага, сахилга нь дээшилж, урт хугацааны бодлого ярьж эхэлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн удаатай.

Хэрэв сайд нар “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байна гэж Цэц шийдвэрлэвэл нэмэлт, өөрчлөлтийг мөрөөдөгчдийн ятган үнэмшүүлэх үндэслэл нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Цэц нэгэнт Үндсэн хууль зөрчсөн гээд шийдчихсэн хойно нэмэлт, өөрчлөлтөө оруулъя” хэмээн зүтгэх биз. Мэ дээж Үндсэн хуульд дахин гар хүрэхдээ тулбал дан ганц “давхар дээл”-тэй холбоотой өөрчлөлт оруулаад орхихгүй. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх өөрчлөлтөө шургуулна. Улмаар УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгодог болох зохицуулалтыг дагалдуулах гэж үзнэ. Угаасаа өдгөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярьж байгаа асуудал нь энэ хэдэн сэдэв шүү дээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг түүчээлсэн нь “тогтолцооны өөрчлөлт” хэмээх санаачилга авч өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн дагуу эл асуудал үндсэндээ цэгцэрсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийг зөвхөн мажоритар бус, пропорционал, хувь тэнцүүлсэн хувилбар бүхий холимог тогтолцоогоор явуулахад Үндсэн хуулийн хориг, саад үгүй болсон билээ.

Нөгөө талаас Засгийн газрын бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт орж болзошгүй. Ерөнхий сайд өөрт олгогдсон эрхийн дагуу алдаа гаргасан сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байна гэх шүүмжлэл нэлээд эртнээс түүнийг дагалдаж буй. Мөн зарим сайд нь хуулийн гэхээс илүүтэй хувь хүний чадвар, туршлага, хүлээн зөвшөөрөгдөх байдлаасаа болж байнга шахам баалуулж байгаа нь нууц биш. Тэр ч бүү хэл, шинээр байгуулж, энэ оны эхнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн хоёр яам нь өнөөдрийг хүртэл сайдгүй байгаа билээ. Тиймээс ч сайд нараа бүгдийг нь “давхар дээл”-тэй болгохын тулд Үндсэн хуулиа өөрчилье гэхээс өмнө эрх, үүргээ хэрэгжүүл, танхимын гишүүдийнхээ толгойг битгий ил гэж Ерөнхий сайдаас шаардах болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл танхимдаа хөдөлгөөн хийлгүй, хүлээж байсан нь Цэц хийгээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тойрсон асуудлуудыг харзнасан хэрэг байв. Иймд сайд нараа чөлөөлж, огцруулах, шинээр томилох нь Цэцийн өнөөдрийн шийдвэрийн дараа, эсвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх нь тодорхой болохын өмнө, хойно гээд чухам хэзээ вэ гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ. Үүнтэй холбоотойгоор дараагийн “давхар дээл”-тэй сайд болох гээд зарим хүний хөлд нь хий орчихсон байхыг ч үгүйсгэхгүй.

Ер нь өнөөдрийн их суудлын хуралдаанаас ямар ч шийдвэр гаргасан байлаа ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа нэг хэсэгтээ намдахгүй болов уу. Тэгээд ч энэ нь Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар заасан нарийн чанд цаг хугацаа, хориг хязгаарлалт дор өрнөх ёстой үйл явц учраас ирэх намар ид бужигнаж таарна. Юутай ч Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг байгуулаад буй. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө улс төрийн намуудын удирдлага Ардын намынхны санаачилсан тунхаг бичигт гарын үсэг зурж, Үнсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улмаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намуудын түвшинд боловсруулсан судалгаа, төсөл, холбогдох баримт, мэдээллийг нэгтгэх зорилготой тус ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж байгаа. Бүрэлдэхүүнд нь ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МУНН-ын дарга Б.Батболд, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, ШИНЭН-ын дарга Ц.Гантулга нар багтжээ. Ажлын хэсгийнхэн саналаа ойрын үед, ирэх сараас хэтрүүлэлгүй танилцуулах үүрэг авчээ. Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаярын тухайд МАХН-ын дарга байхдаа, ердөө хоёрхон жилийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг ид өрнөх үеэр өөрийн “автор”-тай төслөө орон даяар танилцуулж явсан нэгэн. “Шинэ Үндсэн хууль”, “Тавдугаар Үндсэн хууль” гэж янз бүрээр нэрлэж байсан эл төслийнх нь агуулга өнөөдрийн ардчилсан Үндсэн хуулиас тэс өөр. Тиймээс ч тэрбээр 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байлаа.

Мэдээж эрх баригч Ардын намын дарга, Засгийн газрын тэргүүн энэ ажлыг Н.Энхбаярт даалгахдаа нэгийг бодож, хоёрыг тунгаасан байлгүй. Зүйл, заалтаараа хэдийн бэлэн болж, бичигдчихсэн ч гэгддэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийт, тэр дундаа улс төрийн намуудын хүрээнд хэлэлцүүлсэн гэж хэлүүлэх нэг үндэслэл нь дээрх ажлын хэсэг байж таарна. Тэгээд ч Н.Энхбаярыг дураар нь дургиулж, өөрсдийн зүтгүүлж буй тоймтой хэдэн нэмэлт, өөрчлөлтөөс тэгтлээ хазайлгахгүй хазаарлахаа мэдэх биз. Мөн тэр одоо Ардын намын гишүүн, хүүгээ УИХ-ын гишүүн болгуулсан аав хүн шүү дээ.

Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын сүүлчээр зарлаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай шууд болон шууд бус холбоотой асуудлуудыг хэлэлцэх сурагтай. Наадмын дараа гишүүд тойрогтоо ажиллаж, мэдээлэл солилцон, олон нийтийн санаа бодлыг тандаж ирээд, наймдугаар сард ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ дахь эрх баригч намын удирдлага мэдэгдэж байсан юм.