Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрх баригчид өөрсдөдөө зориулж Үндсэн хууль өөрчлөх нь ТОМ АЛДАА

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан тогтоолын хүрээнд сайд нарын дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, цэцийн уг тогтоол эрх баригчдад Үндсэн хуульд гар хүрэх боломж олгочихлоо. Учир нь уг тогтоолтой холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний 50-аас дээш хувьд “давхар дээл өмсгөж”  парламентаас дэмжсэн. “Давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэхийн тулд Үндсэн хуульдаа нэг өдрийн дотор гар хүрсэн нь Үндсэн хуулийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Тэгээд ч дээрх өөрчлөлт Үндсэн хуультайгаа зөрчилдөж буйг хуульчид хэлсэн.  

Уг үйл явдал үнэхээр Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг баталгаажуулах зорилгоор “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч Д.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт эрх баригчдад давуу тал олгож, “давхар дээл”-ийн тоог нэмэх нөхцөл бүрдүүлсэн гэж ойлгож болох уу. Хуульчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийн 39.1-т “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж  2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсныг нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаж Үндсэн хууль зөрчсөн гэх тогтоол гаргасан. 

Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 25-нд УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу УИХ-ын хэдэн ч гишүүн Засгийн газрын албан тушаалыг хавсарч болох боломжийг нээсэн.

Хуульчийн хувьд Цэцийн дээрх тогтоолыг үндэслэлгүй, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан процессыг хууль бус болсон гэж дүгнэж буйгаа илэрхийлэх нь зүйтэй.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн чухал хэсэг нь “давхар дээл”-ийг хязгаарлах байсан. Ингэснээр хууль тогтоох байгууллагын хяналтыг сайжруулж, гүйцэтгэх засагслалыг хариуцлагажуулж, тэнцвэртэй зарчим бодитой хэрэгжинэ хэмээн ард нийтийн санал асуулгаар дэмжигдэж, олон талын зөвшилцлийг хангаж, өндөр шалгуураар батлагдсан.

Гэтэл дээрх заалтыг Үндсэн хуулийн бус аргаар хүчингүй болгож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихлаа.

“Давхар дээл”-ийн асуудал нь зөв, буруу, хэн нэгэнд давуу эрх олгосон, эсэх асуудлыг хэлэлцэхээс өмнө Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хянах эрх Үндсэн хуулиар олгогдсон уу. УИХ-ын гишүүд Цэцийн тогтоолыг үндэслээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болох уу гэдэг асуудлыг зайлшгүй ярих ёстой.

-Тэгвэл ямар тохиолдолд Үндсэн хуулийг өөрчлөх эрх үүсэх вэ ?

-Эл нэмэлт, өөрчлөлт оруулах, батлах хоёр арга замыг Үндсэн хуулиар зөвшөөрсөн. Эхнийх нь, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас (57) доошгүй хувийн саналаар, удаах нь ард нийтийн санал асуулга явуулах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Тодорхой хэлбэл, хуулийн төсөл санаачлахаас эхлээд хэлэлцүүлэх, санал авах, өргөн мэдүүлэх гэх тус тусын өндөр шалгууртай тодорхой хугацаанд явагддаг журамтай.

Гэтэл УИХ-аас “Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бид хянах эрхгүй” гэх тайлбарыг хэлж, дээрх хууль бус тогтоолыг үндэслэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин хоног хүрэхгүй хугацаанд нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж баталсан.

Угтаа Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн үг үсэг, утга санаанд бүрэн нийцсэн тохиолдолд хууль ёсны тогтоол гэж үзнэ. Харин Цэцийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хянах эрхтэй гэж үзсэн тогтоол нь  “хууль ёсны, үндэслэлтэй байх” гэсэн шаардлагад нийцэхгүй тул хууль ёсны гэж үзэх боломжгүй.

-Үндсэн хуулийг хянах эрхийг цэцэд Үндсэн хуулиар олгосон байдаг уу ?

-Товчхон хэлбэл, Цэцэд ийм эрх Үндсэн хуулиар олгогдоогүй. Цэц  ямар маргааныг хянах, тогтоох эрхтэй болохыг Үндсэн хуулийн 66.2 дахь хэсэгт тодорхой жагсаан тоочсон байдаг. Үүнд, хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж буй, эсэх зэрэг маргаан багтдаг. Уг зүйлд заасан “хууль” гэдэгт Үндсэн хуулиас бусад парламентаас баталсан ердийн хууль Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянахыг ойлгодог.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцаа нь Үндсэн хуулиар зохицуулагдаж батлагдсан тул Үндсэн хуулийн нэг хэсэг юм. Энэ зарчим, үзэл баримтлалыг Үндсэн хуулийн 69.4-т “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж тусгасан.

Гэтэл Үндсэн хуулийн цэц өөрийгөө “Эцэг” хуулиа хянах эрхтэй гэж үзэж тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн 66.1.2. болон 69.4 дэх хэсгийг  зөрчсөн хууль бус тогтоол болсон.

Хуулийн мэдээллээс харахад цэцийн дээр хөх тэнгэр биш Үндсэн хууль байх ёстой гэж ярьдаг ч эсрэгээрээ Цэцийн дээр Үндсэн хууль бус, ямарваа нэг хөх тэнгэр бий болчихсон бололтой.

Дээрх хууль бус тогтоолыг үндэслэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, холбогдох бусад хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн тул Засгийн газрыг ч Үндсэн хуулийн бус арга замаар байгуулагдсан гэж үзэх боломжтой.

“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” юм. Өөрөөр хэлбэл, уг баримт бичиг нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгаж бэхжүүлсэн, төрийн дур зоргыг хязгаарласан, нийгэм, эдийн засаг, улс төр гээд суурь харилцааг зохицуулсан хууль билээ. Иймээс Үндсэн хуульд ойр ойрхон, олон дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь нийгэмд эмх замбараагүй, тогтворгүй байдлыг бий болгох, хямралд хүргэх эрсдэлтэй.

Үндсэн хууль тогтвортой шинжээрээ бусад хуулиас ялгаатай. Товчхондоо, баримт бичгийн тогтвортой байдлыг чухалчилж үздэг. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дээр дурдсан өндөр шалгуурыг хангах ёстой. Уг шалгуурыг хангахгүйгээр засаглагчид өөрсдөдөө зориулж Үндсэн хуулиа байнга өөрчлөх нь том алдаа.

Хуульчид нэгдэж Үндсэн хуулийг дур мэдэн, тэр дундаа байнга өөрчилж байгаа эрх баригчдын хууль бус үйлдэлийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн эрх ашгийг хамгаалах бодлогын өмгөөлөл хийвэл Үндсэн хуулийн тогтвортой шинжийг нь хадгалж үлдэх боломж бий.

Энэ нийтлэлийг АНУ-ын ОУХА-гийн "Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхижүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс хэрэгжүүлж байгаа “Ментортой сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга, дүгнэлт, санал нь сэтгүүлчийн байр суурь бөгөөд АНУ-ын Засгийн газар эсвэл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.