Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банкны картных нь нууц кодыг хэлүүлэхийн тулд зодож, толгой дээрээс нь шатамхай шингэн асгаж, чүдэнз зуржээ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21.21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийнхэн хэргийг шалгахад 26 настай, эрэгтэй Б-г  фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй  Р дуудаж, тэд нийтийн байранд уулзжээ. Улмаар 15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У” нартай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зодож, улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж гал тавин шатаан хэргийн газраас зугтсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж шөнийн 04.00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилжээ. Мөн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорилоо. Харин “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул тэдэнд хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.