Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Дарханы замын бүтээн байгуулалтыг гацаасан хэрэгт холбогдогчдыг саатуулж эхэллээ

2022-09-23

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авч буй. Энэ хүрээнд өчигдөр З.Буяннэмэх гэх залууг албадан саатууллаа. Ажиллах хүч, техник тоног төхөөрөмжгүй, зам барих туршлагагүй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулахад нөлөөлж, хээл хахууль зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт түүнийг сэжиглэн цагдан хорьсныг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Тэрбээр тухайн үеийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлсөн байж болзошгүй гэж тус яамны нэрээ хэлэхийг хүсээгүй нэг бус хүн өгүүлсэн юм.