Улаанбаатар хотод өнгөрсөн сард орон сууцын үнэ 2023 оны мөн үеийнхээс 9.3, өмнөх сарынхаасаа 1.4 хувиар өссөн байна. Эл хугацаанд шинэ орон сууцын ам метр талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болжээ. Хан-Уул дүүрэгт дээрх дүн хамгийн өндөр буюу 4.2, Сонгинохайрханд хамгийн бага буюу 2.64 сая төгрөг байсан аж. Тэгвэл Сүхбаатарт ам метр нь дунджаар 4.15, Чингэлтэйд 3.67, Баянголд 3.61, Баянзүрхэд 3.41 сая байсан гэнэ. Хуучин орон сууцын ам метр талбайн дундаж үнэ нэгдүгээр сард 3.79 саяд хүрчээ. Ийм орон сууцын ам метрийнх нь үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.45, Сонгинохайрханд хамгийн бага буюу 2.6 сая болсон байна. Харин Хан-Уулд уг дүн 4.19, Чингэлтэйд 3.93, Баянзүрхэд 3.52, Баянголд 3.2 сая төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Бэлтгэсэн Б.Сонор