Монголын аялал жуулчлалын томоохон бүс болсон Хөвсгөл нуурын бохирдол, хамгаалалтын асуудлыг манай редакц хөндсөөр ирсэн. Бид энэ удаад ч Хөвсгөл нуурын яг өнөөгийн нөхцөл байдлыг албаны эх сурвалжтайгаар бэлтгэн хүргэж байна.
Сүрлэг их уулсаас эх авсан зуу шахам гол горхи цутгадаг бялхам уст Хөвсгөлөөс Эгийн гол салаалж, Сэлэнгэ мөрөнд нийлээд улмаар Байгаль нуурт цутгана. Хөвсгөл нуур нь уртрагийн дагуу сунасан тектоник гаралтай хотгорт тогтсон гонзгой зууван хэлбэртэй, 2760 км.кв талбайтай, 34-36 км өргөн, 136 км урт, 262м гүн нуур бөгөөд далайн түвшнээс дээш 1645м өндөрт оршдог. 380 шоо км усны нөөцөөр дэлхийд 14 дүгээрт, Ази тивд хоёрдугаарт ордог. Монголын гадаргын цэвэр усны нөөцийн 93.6 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл нууранд 46 гол горхи цутгадаг ба нийт 5300км.кв талбайгаас усжина. Урсгал хурдтай, булингар бүхий олон гол горхи цутгадаг боловч нуурын ус маш тунгалаг, усны тунгалагшил нь нуурын төвд 24.5 метр, гол горхины цутгал болон эрэг хавьд 14.3 метр хүрдэг. Нуурын ёроолын талбайн 70 хувь нь 100 метрээс илүү гүн байдаг. Хөвсгөл нуур тун гүнзгий учраас зуны богино хугацаанд алгуур халж зөвхөн 50м хүртэлх өнгөн хэсэг нь бүлээсэх бөгөөд усны гадаргын температур 18 градусаас хэтэрдэггүй, Монгол орны хамгийн хүйтэн устай нуур юм.
Сүүлийн үед Хөвсгөл нуурын эрэг дээрх жуулчны баазууд бохироо нуур луу шууд цутгаж байна гэсэн утга бүхий зураг цахим сүлжээнд тархсан. Бид энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяраас тодруулахад “Тэр зураг бол олон жилийн өмнөх зураг бөгөөл жуулчны баазууд бохирын зураг биш үерийн ус орж ирж байгаа зураг юм. БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөл авсан 118 аж ахуйн нэгж, иргэн бий. Үүнээс 55 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 28 нь жуулчны баазаа барьж байгуулах шатанд, үлдсэн нь газраа авчихсан үйл ажиллагаагаа эрхлээгүй явж байна. БОАЖ-ын сайдын А73 тоот тушаалын хүрээнд Хөвсгөл нуурын хажууд аялал жуулчлал эрхэлж буй жуулчны баазууд нүхэн жорлонгоо дарж, туршилтын эко жорлон ажиллуулж байгаа юм. Үр дүн нь сайн харагдаж байгаа” гэв.
Тэгвэл “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаагаас тодруулахад “Дэлхийн дулаарал Хөвсгөл нуурын сав газарт манай орны бусад бүсээс илүү хурдтай илэрч байгаа. Монгол Улс дулаарлаараа дэлхийн дунджаас дээгүүрт явдаг. Үүн дотроо Хөвсгөл нуурын сав газарт сүүлийн 40 жилд Хатгал орчмоор 1.8 хэм, Ханх орчмоор 2.7 хэмээр дулаарсан. Уур амьсгалын энэ өөрчлөлтийг дагаад нуур орчмын байгаль орчны төлөв байдал өөрчлөгдөж эхэлсэн. Хөвсгөл нуурыг тойрсон өндөр уулсын мөнх цас нь хайлсан.
Одоо мөнх цэвдгүүд нь гэсэж байна. Хөрс нь хуурайсаж, хатаж, ургамлын бүрхэвч доройтож, биологийн төрөл зүйл хомсдох эрсдэл үүсээд байгаа. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж Хөвсгөл нуурыг хамгаалах бодлогыг төр засгийн төвшинд авч үзэх ёстой. Гэтэл хамгаалалтаас илүү ашиглалт нь газар авлаа. Зөвхөн ашиг олох нүдээр харсаар байгаа нь Хөвсгөл нуурын цэвэр, тунгалаг байдал алдагдаж экологийн доройтолд орох эрсдэл үүсчихээд байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Үүнд нөлөөлж байгаа хамгийн гол шалтгаан нь газар олголт. Эмх замбараагүй, ашиг хайсан үйл ажиллагаа болоод нөөц даацыг харгалзаж үзээгүй, газар олголт нуурын экологид сөрөг нөлөө үзүүлэх болсон. Сүүлийн 40 жилийн дотор нуурын эрэг дагуу Усны тухай хуулийг зөрчөөд энгийн хамгаалалтын бүс дотор газрыг олгож эхэлсэн. Ингэснээр жуулчны баазууд нэг дор хэт олноор төвлөрч байгуулагддаг. Үүнээс болж хөрс, усны бохирдол, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад нуурын сав газрын байгалийн унаган төрх алдагдах аюул учраад байгаа” хэмээсэн.
Хамгийн их төвлөрөлттэй Жанхай орчимд 6.8 км газарт 37 жуулчны бааз, 26 гэр буудал байрлаж байна. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр, орон сууцад тавигдах стандартаас 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Жуулчны бааз, гэр буудлын олонх нь Усны тухай хуулиа зөрчөөд энгийн хамгаалалтын бүс дотор үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүссэн хатуу хог хаягдал, бохир ус Хөвсгөл нуурын усны чанарт муугаар нөлөөлж байна. Ялангуяа, жуулчдын ачаалал ихтэй газарт усны бохирдол стандарт шаардлагаас давж эхэлсэн нь санаа зовоосон асуудал биш үү.