Үндэсний статистикийн хорооноос энэ оны хоёрдугаар сарын хэрэглээний бараа, үйлчилгээ, орон сууцын үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 2023 оны мөн үеийнхээс долоо, жилийн эцсийнхээс 1.5, өмнөх сарынхаасаа 0.7 хувиар өссөн байна. Хүнсний бараа, ундаа, усны үнэ 10.3, хувцас, бөс барааных 6.1, гэр ахуйн тавилга, хэрэгслийнх зургаа, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 7.6, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 14.6, боловсролын үйлчилгээнийх 16.8 хувиар тус тус нэмэгдсэн нь хэрэглээний үнийн индекс өмнөх жилийнхээс долоон хувиар өсөхөд гол нөлөө үзүүлжээ. Нийслэлийн хэмжээнд авч үзвэл хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7.2, өмнөх оны эцсээс 1.2, нэгдүгээр сарынхаас 0.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан аж.
Орон сууцын ханш мөн өсөлттэй гарсныг мэдээлэв. Улаанбаатарт хоёрдугаар сарын байдлаар орон сууцын үнэ 2023 оны мөн үеийнхээс 11 хувиар өссөн бол нэгдүгээр сарынхаас 1.8 хувиар дээшилжээ. Шинэ орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ 3.99, хуучных нь 3.78 сая төгрөг байсан аж. Төвийн зургаан дүүргийн үзүүлэлтийг харьцуулахад шинэ орон сууц Сүхбаатарт хамгийн өндөр үнэтэй буюу ам метр нь 4.28, Сонгинохайрханд хамгийн хямд буюу 2.65 сая төгрөг байна. Ташрамд дурдахад, энэ сарын 11-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ Улаанбаатарт өнгөрөгч сарынхаас хоёр, өмнөх долоо хоногийнхоос 0.4 хувиар өссөн дүн гарчээ.