Япон улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн уналт ам.долларын эсрэг сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч суларсан. Тиймээс энэхүү уналтыг сааруулах бодлогоо эрчимжүүлэх шаардлага үүсээд байна. Тодруулбал, иений ам.доллартой харьцах ханш 0.3 хувиар суларч, 151.97 болжээ. Энэ нь 2022 оны аравдугаар сард 151.95 хүрч байсан өмнөх доод түвшнээсээ давсан байна.
Япон улсын Сангийн дэд сайд Масато Канда “Гадаад валютын зах зээл дэх спекулятив арилжааны эсрэг шийдэмгий арга хэмжээ авна” гэдгээ илэрхийллээ. Японы Төв банк сөрөг утгатай бодлогын хүүгээ өөрчилсөн ч Япон ба бусад хөгжингүй орнуудын хоорондох бодлогын хүүгийн зөрүүтэй байдал удаан хугацаанд хадгалагдах хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд бий.