“Амар байна уу-2025” цагаан сарын үзэсгэлэн, худалдааг энэ сарын 1-нд “Их наяд” төвд нээлээ. Уг үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Өнгөрсөн жил 230 000 хүн үйлчлүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Уламжлалт сар шинийн баярын үеэр улсын хэмжээнд нийт 1.3 их наяд төгрөг зарцуулдаг бөгөөд үүнийг дотооддоо шингээх, үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.
Үзэсгэлэнгийн эхний өдөр хөл хөдөлгөөн их, хүмүүс ч худалдаа наймаа нэлээд хийж байв. “Их наяд” худалдааны төвийн V болон VI давхарт үзэсгэлэн худалдаа явуулж байна. V давхрын баруун хэсэгт ул боов, цагаан идээ, айраг, зөгийн бал зэрэг хүнсний бүтээгдэхүүн буй. Харин зүүн хэсэгт бэлэг дурсгалийн зүйлс, VI давхарт үндэсний дээл хувцас, эд хэрэгсэл байх аж. Мөн зарим нь “Соёолж молл”-ын II давхарт байрлаж байна.
Баярын ширээний хамгийн чухал зүйл бол тавгийн идээ байдаг. Үзэсгэлэнд зарагдаж буй ул боовны ширхгийн үнэ амт, чанараас шалтгаалж 5-9 мянган төгрөг. Гүрмэл, мушгиа боовнууд нь мөн адил 5-7 мянган төгрөг гэнэ. Ааруулаар зассан таваг хэмжээнээсээ хамааран 380-480 мянган төгрөгийн үнэтэй. Хорхой, янз бүрийн хэлбэр дүрстэй, чихэртэй, чихэргүй, сүүн, шоколадтай ааруулыг нэг килограмыг нь 30-45 мянган төгрөгөөр борлуулж байна. Харин шар тос өмнөх жилийнхтэй харьцуулахад 10 мянгаар нэмэгдэж, 50 мянган төгрөг болж. Үнэ асуухад бүгд л “Амтлаад үзээрэй” хэмээн өөрсдийн бараа, бүтээгдэхүүний онцлог, шинж чанарыг тайлбарлаж байсан. Баярын ширээг чимдэг зүйл бол мэдээж айраг. Архангай, Өвөрхангай, Дундговь аймгаас авчирсан айраг литр нь 9-10 мянга, шимийн архи нэг литр нь 10 мянган төгрөг гэнэ. Бас нэг сонирхол татсан бүтээгдэхүүн бол Говь-Алтай аймгийн Бигэр сумд үйлдвэрлэсэн чацаргана, хармаг жимстэй дарс, оргилуун дарс, хуш модны самартай, чихэр өвсөнд дарсан виски байв. Үүний хажуугаар олон төрлийн зөгийн бал, цай, чихэр, жигнэмэг зэрэг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд өрөөтэй. Баярын ширээгээ импортын бараа, бүтээгдхүүнээр дүүргэх шаардлагагүй болжээ. Хэрэглэгчдийн хэлснээр үзэсгэлэн худалдаанд зөвхөн Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр борлуулж буй учир зорин ирж үйлчлүүлж байгаагаа ярив.
Иргэн Х.Хандаа “Цагаан сарын үзэсгэлэн, худалдаа болж байгаа гэж сонсоод Баянгол дүүргээс зорьж ирлээ. Монголчууд нэг үеэ бодвол үйлдвэрлэгчид болж. Ширээн дээр тавих, бэлгэнд өгөх гээд бүх зүйлээ дотоодоосоо бэлдэж байна шүү дээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад өссөн, эсэх нь мэдэгдэхгүй л байна. Цагаан сар дөхөхөөр үнэ нь хэлбэлзэж магадгүй. Ер нь баярын бэлтгэлээ эртнээс бага багаар базаачихвал санхүүгийн дарамт багатай санагддаг” гэв.
“Нас наснаасаа шалтгаалж айл өрхүүдийн Цагаан сарын зардал харьцангуй өөр. Хэрвээ санхүүгийн хувд хүрэлцээтэй байвал айл болгон үндэсний баяраа өргөн дэлгэр, элбэг дэлбэг тэмдэглэх сонирхолтой байгаа. Гэтэл хүн болгон боломжгүй учраас чадлаараа л бэлтгэж байна. Тавгийн идээ, ууц, ааруул, цагаан идээ, гарын бэлэг гээд авах юм их. Үзэсгэлэнгийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр борлуулж байгаа нь их таалагдлаа. Жилдээ ганц болдог Цагаан сарын баяраар ахмад настнууд тэтгэврийн зээл авч, үлдсэн саруудад нь хэцүү байдал үүсдэг. Үндэсний баяраараа өв соёлоо дээдлэн, ёс уламжлалаа дагаж, саднаа мэдэлцэх нь чухал болохоос биш бие биедээ чамирхаж өөрсдийгөө дарамтад оруулж тэмдэглэх нь утгагүй санагддаг” гэж иргэн Г.Туул хэллээ. Ахмад настнаас эхлүүлээд залуу гэр бүлүүд ч мөн адил бараа, бүтээгдэхүүнтэй танилцан, үнэ судалж яваа харагдана. Худалдаа эрхлэгч Ж.Өнөржаргал “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих эл үйл ажиллагаанд хоёр дахь жилдээ Дархан-Уул аймгаас ирж оролцож байна. Энэ үзэсгэлэн тал бүрийн ашигтай. Түрээс төлөхгүйгээр бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулчихна. Бас иргэд өмнөхтэй харьцуулахад үндэсний үйлдвэрлэлээ сайн дэмждэг болжээ. Манайх зөгийн аж ахуйн анхдагч фермүүдийн нэг л дээ. Хүмүүст бүтээгдэхүүнүүдээ амтлуулж, магтаал сайшаал их сонсож байна. Эхний өдөр гэхэд олон хүн иржээ. Үзэсгэлэнгийн талбайн хувьд хүн чөлөөтэй явах зайтай, зохион байгуулалт сайн гэж харлаа” хэмээн ярив.
Үүний дараа зүүн хэсэг рүү явлаа. Энэ хэсэгт төрөл бүрийн ахуйн бараа, эсгий, арьсан эдлэлүүд, эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл зэргийг худалдаж буй аж. Цагаан сард зориулж гаргасан төрөл бүрийн бэлгийн багцуудын үнэ 11-40 мянган төгрөг байв. Үүнд Монголд үйлдвэрлэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхны, ахуйн хэрэглээний, гар урлалын гэх мэт бэлгэнд өгөхөд тохиромжтой зүйл өрөөтэй харагдана. “Бараа, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол нь чамин. Импортын бараатай харьцуулахгүй болж” гэх хүн олон байлаа. Хүүхдүүдэд зориулсан олон төрлийн ном, сурах бичиг, хэрэгсэл ч байв. Ахмад настнуудад бэлгэнд өгөхөд тохиромжтой олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдаа эрхлэгчид танилцуулж харагдлаа. Үзэсгэлэнд оролцогчид, аж ахуйн нэгжүүд сайтар бэлджээ. Амталгаат худалдаа, бүтээгдэхүүний танилцуулга, эерэг уур амьсгалтай үзэсгэлэн, худалдаа энэ сарын 27-ныг дуустал 09.00-20.00 цагт үргэлжилнэ.
А.Дөлгөөнзул