Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцсэн нийтийн цахим өргөдлийг “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын www.uih.mn цахим хуудсанд байршуулж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Өчигдөр 15.30 цагийн байдлаар 1092 хүн уг өргөдлийг дэмжсэн байв. “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвсэл, Монголын залуучуудын эвслийнхэн уг өргөдлийг санаачилсан бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглажээ.
“Засгийн газар 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаараа хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг орон нутгийн удирдлагаар шийдвэрлүүлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлсэн. Засгийн газрын энэ мэдэгдэл нь Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хүүхдийн эрхийн хууль тогтоомж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн талаар Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, НҮБ-ын Монгол Улс дахь удирдлагын баг мэдэгдээд байна. Иймд Засгийн газрын тухай хуулийн 30.4, 30,5, 30.6-д заасны дагуу уг асуудлыг хамаарах сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд тухайн тогтоолыг хянан үзэж, ёсчлон батлахгүй байхыг хүсье” гэж цахим өргөдөлд дурджээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Үүнээс өмнө аль болох олон иргэн дээрх өргөдөлд гарын үсэг зурж, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөөх санаачилгад нэгдэхийг “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвслийнхэн уриалжээ. Ингэснээрээ хурдан морь унадаг 11 мянга гаруй хүүхдийн эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулахыг ч онцолсон байна.
М.Оч