Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар иргэдийг залхуу, явган явах дургүй хэмээн шүүмжлэв. Товчхондоо, иргэд залхуу учраас л Улаанбаатарт түгжрэл үүссэн гэж тэрбээр “оношилжээ”. Тэрбээр “Сар шинийн өдрүүдэд хот, хөдөөгүй түгжрэв. Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Хэдхэн алхаад хүрэх саахалт айлын зайд хүртэл мориор явдгийг одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн гадаадын хэд хэдэн судлаач тэмдэглэж үлдээсэн байдаг. 80 мянган машин зорчино гэж анх төлөвлөсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийнхээс дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилд 100-130 мянган машин импортолсоор өнөөдрийн байдлыг бий болгосон. Дэндүү амин хувиа хичээсэн, эх оронч бус үйлдэл” гэсэн байх юм. Ямар ч төлөвлөлтгүйгээр, замбараагүй газар олгосон, бас дорвитой ажил хийгээгүй дарга нар түгжрэлд буруугүй гэнэ. Харин машин зарсан худалдаачид, бас түүнийг унаж яваа иргэдээс болсон юм байх.
Уг нь бид социалист бус, ардчилсан улсад амьдарч байгаа. Өмчтэй байх эрхээ Үндсэн хуулиараа хамгаалуулсан хүмүүс. Гэтэл коммунист дарга Х.Нямбаатар иргэдийн өмчтэй байх эрхэд халдаж, машин авч уналаа хэмээн буруутгаад, галт тэрэг болон автобусаар зорчиж, бас явган явахыг зөвлөжээ. Тэрбээр “Улаанбаатар-Дархан-Уулын хооронд галт тэрэг явуулж л байна. Энэ боломжоо ашигладаг нь хэд билээ. Нийслэл хотод 1200 автобус үйлчилгээнд явуулдаг” гэх мэтээр олон нийтийг буруутгасан байгаа юм.
Гэвч Улаанбаатарт явган хүн алхахаар олигтой зам байхгүй. Тоос, шороотой гудамжаар, эвдэрч сүйдсэн замаар, эсвэл автомашинуудтай зэрэгцэн алхахаас өөр сонголт иргэдэд байдаггүй. Хотын даргын дурдсан 1200 автобус нь хүрэлцээгүй. Оргил ачааллын үеэр, ялангуяа орой ажил тарах цагаар иргэд автобус хүлээж удаан зогсдог нь бараг л уламжлал болчихлоо. Бас Улаанбаатар-Дархан-Уулын хооронд 2-3-хан цаг машинаар явахын оронд орчин нөхцөл нь социализмын үедээ гацсан галт тэргээр 7-8 цаг зорчиж, бүтэн өдрөө алдах завтай хүн ч байхгүй. Гэтэл гадаадын улс орнуудад, хамгийн ойрын жишээ нь гэхэд л урд хөршид хэдийн хурдан галт тэрэг ч үйлчилгээнд нэвтрүүлчхээд байна шүү дээ. Харин манай хотын удирдлагууд автомашины татварыг өнгөрсөн жилийнхээс тав дахин нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг илүү хүндрүүлэхийн зэрэгцээ “алхаад яв” гэж тавлах болсон нь харамсалтай.
Иргэдээ тайван алхах, нийтийн тээврээр чирэгдэлгүй үйлчлүүлэх нөхцөлийг нь огт бүрдүүлээгүй, орчин нөхцөлөө ойлгодоггүй, мэддэггүй хотын дарга “Хэчнээн метро, хурдны зам барьж байгуулаад, нийтийн тээвэр хөгжүүллээ ч сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж байж түгжрэлээс ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална” гэж номложээ. Түгжрэлээ шийдэж чадахгүй, тийм чадамж ч үгүй хотын удирдлагууд асуудлаас бултахын тулд цаашид ийнхүү гоншигнож, иргэдийг буруутгасаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахыг санаархаж буй бололтой.
М.Оч