Шахмал түлшний орц найрлагын стандарттай болох ёстой талаар хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлын талаар нэлээд судаллаа. Үүний дүнд агаарын чанарын стандарт Монголд байдаггүйг тогтоосон. Дотоод орчны агаарын чанарыг үнэлэх ажлын хэсгийг таван удаа байгуулсан ч тэд стандартаа батлаагүй. 2018 оноос хойш нийслэлчүүд шахмал түлш хэрэглэлээ. Энэ хугацаанд угаарын хийн цочмог хордлогын улмаас 743 хүн амиа алдсан. Гол нь шахмал түлшинд ашигладаг барьцалдуулагчид өнөөг хүртэл стандартын шаардлага тавиагүй. “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сонсголын үеэр шинжээч нэгэн ноцтой баримт дэлгэсэн. Тодруулбал, “Барьцалдуулагчийн хэмжээ, стандартыг тогтоогоогүйгээс бид шахмал түлшийг хүний эрүүл мэндэд хортой, эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн 7-8 жилийн хугацаанд хор түлчхэж.
0-5 насны хүүхдүүд агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас төрөөс хүүхэд бүрд 1.2 сая төгрөг олгохыг Засгийн газраас өнгөрсөн жил шаардсан. Гэвч “Нотлох баримт дутуу” гэсэн хариу ирүүлж байв. Харин өдгөө агаарын бохирдлын талаарх сонсголоос олон асуудал ил болоод байна” гэлээ.
Мөн “Манай улсад угаарын хийн цочмог хордлогыг эмчлэх стандарт гэж бий. Гэтэл бид өнөөдөр гэрээсээ гараад л угаарын хийд хордож байгаа шүү дээ. Ийм байхад угаарын хийн архаг хордлогыг ярихгүй байна. Тиймээс архаг хордлогыг эмчлэх стандарттай болох шаардлагатай. Иргэн миний бие Засгийн газарт гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд харьяа байгууллагад нь эхлээд гомдол гаргах ёстой учраас Засгийн газарт ийнхүү хандаж буй юм.
Гомдлын шаардлага үндсэн хоёр бүлэгтэй. Нэгдүгээрт, Засгийн газар барилга, байгууламжийн доторх болон гадаад орчны агаарын бохирдлын дээд хэмжээг үндэсний хэмжээнд яаралтай батлуулах. Сайжруулсан түлш, түүний орц найрлагад тавигдах үндэсний стандартыг даруй боловсруулах шаардлагатай. Мөн угаарын хийн архаг хордлогыг эмчлэх үндэсний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө боловсруулж, ирэх долоодугаар сарын 1-ний дотор батална уу. Хоёрдугаарт, угаарын хийн хордлогын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс уучлалт гуйж, нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна. Дээрх шаардлагыг хэлэлцэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуг 30 хоногийн дотор ирүүлнэ үү” гэв.
“Хүмүүс угаарын хийд хордож, амиа алдаж байхад хэн ч хариуцлага хүлээсэнгүй. АНУ-д хүний амийг дунджаар 7-10 сая ам.доллароор үнэлдэг юм байна. Австралид 4.5 сая доллароор үнэлдэг. Гэтэл шүүхийн мэдээллийн сангаас хайж үзэхэд манай улсад ихдээ 100 сая төгрөгөөр үнэлсэн жишээ байна. Бүр автомашины осолд өртөж, амиа алдсан иргэний хэргийг хэлэлцэхдээ тээврийн хэрэгслийг тухайн иргэнээс ч өндрөөр үнэлсэн тохиолдол бий. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой” хэмээн анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг онцоллоо.
А.Үүл