Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэв. Тухайлбал, эрчим хүчний үнэ нэмсэн асуудлыг шалгажээ. Өмнө нь эрчим хүчний тарифыг дөрвөн төрлөөр тооцдог байснаа өдгөө 18 болгосон аж. Мөн тариф тооцох аргачлалыг өөрчилсөн бөгөөд энэ талаар олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүйгээс шалтгаалж хэд хэдэн зөрчил гарсан гэнэ. Жишээ нь, тухайн айл өрх ямар тоолуур хэрэглэдгээс шалтгаалж цахилгааны төлбөр нь ялгаатай бодогдож буйг тогтоосон байна.
Түүнчлэн эрчим хүчний реформын үр дүнг тандан судлахаар болсон гэв. “Манай улсад 2024-2025 онд 1824 МВт эрчим хүч шаардлагатай. Гэтэл бид 1000 МВт ч хүрэхгүйг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Хэрэглээ жил бүр 10-12 хувиар нэмэгддэг учраас импортлохоос өөр аргагүй. Дотооддоо шинэ эх үүсвэр хангалттай барьж чадахгүй байна. Уг нь эрчим хүчний үйлдвэрлэл явуулах, шинэ станц барих зөвшөөрлийг олон хүн авдаг ч ажил хийдэггүй. Энд хэд хэдэн ноцтой асуудал бий. Нэг хүн зөвшөөрөл авчхаад түүнийгээ хүчингүй болгуулдаггүй. Шинэ хөрөнгө оруулагч цахилгаан станц барья гэхээр зөвшөөрөл олгодоггүй, 4-6 жил гацаадаг, маш хүнд сурталтай. Зөвшөөрөлтэй хүнээс түүнийг нь худалдаж авахаас өөр аргагүй. Ийм нөхцөлд эрчим хүчний салбарт хэн ч хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийхгүй. Тиймээс зөвшөөрөл олгох үйл явцыг уян хатан, нээлттэй болгох ёстой. Зөвшөөрөл авахад яагаад 4-6 жил зарцуулаад байгааг бид судалж, үр дүнгээ Засгийн газарт танилцуулна” гэж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэллээ.
Түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн гомдлын дагуу Баянхонгор аймагт хяналт шалгалт хийхэд нэлээд олон газрын даргыг хууль зөрчиж томилсон зөрчил илэрсэн байна. Жишээ нь, аймгийн ИТХ-ын хоёр төлөөлөгчийг төрийн албан тушаалд томилон ажиллуулсан зөрчил гарсан гэнэ. Мөн иргэдийн гомдлын дагуу Дархан-Уул аймагт хяналт шалгалт явуулахад төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаатай холбоотой цөөнгүй зөрчил илэрсэн аж. Тус аймагт 30 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхдээ нийт 63.8 тэрбум төгрөгийн худалдан авалтыг тендер зарлалгүйгээр шууд хийсэн байжээ. Үүний дагуу холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлсэн бөгөөд цаашид буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулна гэв. “Баянхонгор, Дархан-Уулд илрүүлсэн зөрчил нь бусад аймаг, төрийн өмчит компани, төрийн байгууллагад ч гардаг нийтлэг тохиолдол болчихлоо. Эдгээрийг засаж залруулах нь бидний үүрэг. Тиймээс бусад аймагт ч шалгалт явуулж байна” гэж Ч.Өнөрбаяр хэлэв.
Ташрамд дурдахад, барилгын кран орон сууц шүргэж, нэг айлын цонхыг хагалсан зөрчил өнгөрсөн бямба гарагт гарсан билээ. Хяналт, үнэлгээний үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж үүний талаар “Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд барьж буй барилгын кран салхинд хийсэж, нэг айлын цонхыг хагалсан. Азаар хүний амь эрсэдсэнгүй өнгөрлөө. Холбогдох байгууллагууд уялдаагүй ажилладгаас ийм асуудал үүссэн. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхны өгсөн мэдээллээр бол тухайн краныг барилгатай бараг бэхлээгүй байсан юм билээ” гэж мэдээлэв.
М.Оч