Төмөр замын салбарт ширүүхэн өдрүүд үргэлжилж байна. Үүний өмнө Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой төмөр зам”-ыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанитай нэгтгэх үйл явц өрнөсөн. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” компанийн зарим газрын даргыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгджээ. Тухайлбал, “Монголын төмөр зам”-ын Тээвэр ложистик, төлөвлөлтийн газрын дарга Г.Шижирбаатар, Хөдлөх бүрэлдэхүүний газрын дарга Д.Нямлхагва, Худалдан авах хэлтсийн дарга Г.Батсүлд нарыг ажлаас чөлөөлөх саналаа тус компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуунд хүргүүлсэн гэх мэдээлэл байна.
Тендер шалгаруулахад хамгийн бага үнийн дүн ирүүлж “сайн үнэлэгдсэн” компанид “Танайхтай гэрээ байгуулах, эсэхийг сайд шийднэ” гэсэн нь салбарын сайдын чихэнд дуулдаж, уур унтууг нь хүргэсэн бололтой юм. Тэрбээр “Монголын төмөр зам” төрийн өмчит компаниас зарласан тендертэй холбоотой шүүмжлэлүүд болон төрийн өмч хөрөнгийг шамшигдуулж, ашиг олсон байж болзошгүй мэдээллүүдийг тухай бүрт нь шалгуулж ажиллана гэсэн билээ. Түүнчлэн эвдэрсэн зүтгүүрийг үйлдвэрлэсэн компаниар нь засуулаагүй, харин БНХАУ-ын өөр нэгэн компанитай гэрээ хийж, их хэмжээний мөнгө шилжүүлээд зүтгүүр ч үгүй, мөнгө ч үгүй таг болсон ноцтой хэргийг сөхөж, хатуу сануулаад зогсохгүй эхний ээлжид ажлаас нь халж, улмаар хуулийн байгууллагад өгч шалгуулах болно гэжээ.
Тэдгээр зүтгүүрийн тухайд нийт найм ор¬ чим сая ам.долларыг засварын ажлын хөлс хэмээн шилжүүлчхээд буй нь төрийн өмчит компанид үлэмж хэмжээний хохирол бөгөөд ийм хэмжээний мөнгөөр дахин шинээр зүтгүүр авч болохоор байгаа юм. Үүнд дээрх дарга нарын зарим нь холбогдож мэдэх гэнэ.
Үүний өмнө “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”-ын удирдлагуудын тансаглал, компаниуд хоорондоо вагон түрээсэлж, түрээслүүлж ашиг олдог, 1.2 тэрбум ам.доллароор зуун хувь худалдаад авчихсан байтал өмчийг нь бүрэн хүлээж авахгүй цалгардуулсан үл ойлгогдохуйц, хайнга хандлага нь хэн нэгэн болон хэсэг бүлэг хүнд ашигтай байж болохоор хардлага төрүүлдэг талаар тоо баримт дурдан хатуухан мэдэгдэж байсан.
Үүнд “Монголын төмөр зам” компанийн бүх дарга нь сард зургаан саяас дээш төгрөгийн цалин авдаг. Цогтцэцийд ажилладаг гэх “хүндрүүлэх” шалтгаанаар халхавчлан, таван саяас дээш төгрөгийн цалинтай албан хаагчид 18-23 хувийн нэмэгдэл олгодог. Үр дүнд нь 2024 оны туршид экспортын ачаа гэж ердөө 430мянган тонн нүүрс тээвэрлэсэн мөртлөө оны эцэст 912 сая гаруй төгрөгийн урамшуулал хүртсэн зэрэг баримт бий.
Улаанбаатар төмөр зам”-аас бусдыг нь “Монголын төмөр зам” компанид нэгтгэснээр үргүй зардал их хэмжээгээр буурахаар тооцоолол гарсан аж. Засгийн газрын тогтоолын дагуу энэ ажлыг эрчимтэй хийж эхэлсэн боловч ашиг сонирхлоо хамгаалах элдэв үйлдэл мэр сэр байгаагийн жишээ нь тендер шалгаруулалттай холбоотой дээрх хийдүүлэлт юм. Энэ удаад салбарын сайд нь огт мэдээгүй байхад түүний нэрийг барьж, шалгарсан компанитай гэрээ байгуулаагүй нь албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгж, иргэнийг хясан боогдуулсан гэх авлигын гэмт хэрэгт холбогдох үйлдэл биш гэж үү.
Ийм байдлыг үл тэвчин, шинж тэмдэг илрэх бүрт хариуцлага тооцоод зогсохгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно гэдгээ Зам, тээврийн сайд илэрхийлж, эхний ээлжид “Монголын төмөр зам”-ын нэр бүхий газар, хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож буй нь цаашид ийм байдлаар, одоо зарлачхаад байгаа сонгон шалгаруулалтыг явуулах баг учир дутагдалтай гэж үзсэн бололтой. “Монголын төмөр зам” компанийн тухайд экспортын орлого, татвар төлөгчдийн болон бондын мөнгөөр их хэмжээний бараа худалдан авдаг байгууллага гэдгээрээ онцлогтой. Тэр ч байтугай маш их хэмжээний хөрөнгө идэж шамшигдуулсан үе үеийн удирдлагуудтай нь холбоотой гэмт хэргийн чанартай үйлдлүүд хуримтлагдсан, бохир түүх бий. Тиймээс ил тод байдал, хөрөнгийн зарцуулалтын үйл ажиллагааг нь зайлшгүй “тунгалагшуулах” ёстой гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, олон нийт шаардаж байдаг билээ. Төмөр замын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх тусам ил тод зарчим хатуу үйлчилж, ашиг сонирхлын зөрчилгүй удирдлагуудыг шилж ажиллуулах ёстой.
Үүнтэй холбогдуулан ер нь манайд нийт хэдэн вагон хаагуур явах, ер нь дутаад байсан вагон яагаад илүүдэх болов гэдэг талаар сонирхлоо. Гол төмөр замаар нийт 11 мянган вагон явах ёстойгоос одоогоор 15 мянга байна. Энэ нь “Монголд вагон олдохгүй байгаа гэнэ” гээд Оросоос их хэмжээгээр оруулж ирсэнтэй холбоотой аж. Гэвч илүүдсэн 4000 вагон нь гол замдаа багтахгүй, яг хотын түгжрэл шиг өртөө, зөрлөгүүд дээр зогсож байна.
Эндээс тээвэр зуучийн компаниудтай холбоотой зөрчил бас үүсдэг. Тэдгээрийн цаад эзэд нь голдуу орос, хятадууд, наанаа монгол компани, монгол иргэдийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь, эдгээр вагоны цаадах санхүүгийн эх үүсвэр нь бэлэн мөнгө, өөрөөр хэлбэл, төгрөгөөр орж ирээд, ам.доллароор Орос руу урсаад гарчхаж байна. Ингэж гадаадын компаниудыг эс үйлдлээр дэмжээд байж болохгүй учраас тэдгээр вагоныг шахаж, тэдний орон зайд Монголын үндэсний компаниуд өөрсдийн хөрөнгөөр шинэ вагон оруулж ирсэн бол үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрнө, үүгээрээ дотоодын компаниудаа тээвэр зуучийн салбарт дэмжиж байгаа юм. Ингэснээр вагон түрээслүүлсэнгүй гэх ашиг сонирхлын зөрчил үүссэн. Үүнээс гадна тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулах зүй бус өрсөлдөөн бий болж, үүнд “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс хүртэл шахалт үзүүлсэн байдаг.
Эцэст нь дүгнэхэд, хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт нь нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, үүний нөгөө талд говь нутгийн хөрсийг эвдэж сүйтгэхгүйгээр, төрд үрэлгэн зардал багатайгаар тээвэрлэх ач тустай. Энэ ажилд “Чайна энержи” компани орж ирээд буй нь нүүрсийг машинаар зөөж ашиг олдог байсан хүмүүсийн эрх ашгийг хөндөх нь ойлгомжтой. Мөн адилхан төрийн өмчит төмөр замын компани мөртлөө нэг нь нөгөөдөө түрээслүүлж мөнгө олдгоороо ашиг хонжоо хүртдэг байсан. Бүр сүүлдээ нүүрс олборлодог компани нь нүүрсний машинтай тээвэр ложистикийн ажил хийхийг санаархах болсон зэрэг хууль бус үйлдлүүдийг хязгаарлаж, Засгийн газрын тогтоолоор эмх цэгцэнд нь оруулж, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зөвхөн тухайн салбар мэддэг болгож өөрчилсөн нь олон хүний эрх ашгийг хөндсөн нь энэ өдрүүдэд тодорсоор байна
Хэдийгээр вагон, эсвэл ачааны машин худалдаж аваад нүүрс тээвэрлэн мөнгө олох гэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн буруу биш боловч илүүдээд байгаа учраас зохицуулалт хийх нь төрийн үүрэг. Энэ удаад ч гэсэн “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” аль аль нь гурван жилийн өмнө хувийн компаниас 1.2 тэрбум ам.доллароор худалдаж авсан төмөр замын өмч хөрөнгийг одоо болтол өмчдөө гүйцэд шилжүүлээгүй байгаа нь төрийн хөрөнгөд хайнга хандсаных. Арваад сая ам.долларыг зүтгүүр засуулна гэж өгчхөөд мөнгөө ч нэхэхгүй, зүтгүүрээ ч засуулж авчрахгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй, сэтгэлгүйнх биш гэж үү. Өнөөдрийг хүртэл цалин хангамжаа ажлын үр дүнд нийцүүлэх арга хэмжээ аваагүй, үрэлгэн зардлаа хассан шийдвэр гаргахгүй, тендер шалгаруулахдаа аж ахуйн нэгжийг төөрөлдүүлэн хясан боогдуулж байгаа нь анхаарал, хяналт тавьж, яаралтай цэгцлэх зайлшгүй шалтгаан үүссэний гарцаагүй үндэслэлүүд мөн. Энэ бүх шалтгаан, нөхцөлийн улмаас төмөр замын салбарт хийх хөрөнгө оруулалт нэмэгдэх, томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх тусам ил тод зарчим хатуу үйлчилж, ашиг сонирхлын зөрчилгүй удирдлагуудыг шилж ажиллуулах ёстой.
У.Оргилмаа