Монгол Улсын хэмжээнд 100 гаруй хувьцаат компани буйгаас 42 нь энэ онд нэг их наяд орчим төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн юм. Энэ нь 2023 оныхоос гурав, өнгөрөгч жилийнхээс хоёр дахин өссөн мөнгөн дүн байв. Тэгвэл одоогоор “Төрийн банк”, “Голомт банк”, “Инвескор ББСБ”, “ЛэндМН ББСБ”, “Сүү”, “Хүрд” зэрэг хувьцаат компани “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд мөнгөө байршуулж, шилжүүлж эхэлжээ. Хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэсэн ногдол ашгийн нийт дүнгээр банк санхүүгийн салбарынхан бусдыгаа хошуучилсан байна. “ХААН банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “ЛэндМН ТББ” тэргүүтэй компаниуд 2024 оны цэвэр ашгаасаа нийт 661.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болов. Харин уул уурхайн компаниуд энэ онд 367.1, хүнсний салбарынх 140.3 тэрбум төгрөг хуваарилсан үзүүлэлтэээр удаах байруудад жагсжээ. Сүүлийн гурван жилд олон нийтэд нээлттэй болсон 10 компани 500.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн нь нийт ногдол ашгийн 48, дөрвөн банк 407.7 тэрбум төгрөг тараахаар зарласан нь 39.1 хувийг тус тус эзэлж байна.
Ж.Энх