Архангай аймагт саяхан болсон Хангайн бүсийн анхдугаар зөвлөгөөний үеэр “Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн... чиглэлээр хөгжүүлэх” саналыг Засгийн газар онцгой дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлсэн. Энэ нь зөвхөн хангайн бүсэд төдийгүй улсын хэмжээний том бодлого, зорилт бөгөөд үүний хүрээнд мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, өндөр ашиг, орлоготой салбар болгохын тулд олон чухал ажил, арга хэмжээ зохион байгуулах болов уу хэмээн харж байна. Эдгээрээс эхний ээлжид хойшлуулшгүй авах арга хэмжээ бол малын тэжээлийн хангамжийг одоогийнхоос наад зах нь нэг дахин өсгөх, ялангуяа уурагт тэжээлийн хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Манай улсын ихэнх аймаг, сумын нутгийн 70 гаруй хувь нь цөлжиж, бэлчээр талхлагдан хомсдолд орж, даац хэтэрсний зэрэгцээ өвөл, хаврын улиралд ургамлын гарц зун, намрынхаас 50-70 хувиар, шимт бодисын хэмжээ 2-3 дахин багасдаг. Мөн малын бэлчээрт идээшлэх хугацаа 7-8 цагаар богиносдог зэргээс үүдэн хэрэгцээт шим тэжээлээ бүрэн олж идэж чаддаггүй, дөнгөж 40 орчим хувьтай л байдаг. Өөрөөр хэлбэл, манай бэлчээрийн мал хагас өлсгөлөнгийн байдалтай өвөл, хаврыг давж байна. Бас хүйтэнд даарч, бээрс¬нээс шалтгаалан биедээ хуримтлуулсан уурагт бодисоо шавхан зарцуулсаар эцэстээ турж доройтон, үхэж хорогдох нь элбэг. Зөвхөн хониор жишээ авч үзэхэд, хангайн бүсэд нас гүйцсэн эм хонь намар дунджаар 60 кг жинд хүрч таргалдаг. Онд орохдоо түүнийхээ 35 хувь буюу 20 гаруй кг-ыг алддаг. Бог мал 50 хүртэл хувиар жингээ алдвал үхэж хорогддог. Арчилгаа, маллагааны хүчинд дөнгөн данган онд орсон ч дараа жил нь бүрэн тарга тэвээрэг авч чаддаггүйгээс төлөрхөг чанар, бусад ашиг шимийн үзүүлэлтүүд улам мууддаг. Ийнхүү ашиг шим багатай, чанаргүй малтай болоод бана.
Манай орны малын үндсэн тэжээлийн 90 гаруй хувийг хангадаг ургамлын шимт чанар, ургацын хэмжээ жил дараалан буурч, их хэмжээний бэлчээр нутаг талхлагдан ашиглагдахгүй байгааг судлаачид аймаг, сум бүрээр нарийн тогтоожээ. Учир мэдэх малчид ч устаж үгүй болоод байгаа тэжээлийн ургамлыг төрөл, зүйл бүрээр нь тодорхой ярьдаг. Хадлангийн өвсний шимт чанар ч нэгэн адил муудсан. Байдал ийм байхад талхлагдсан бэлчээр, атаршуулж орхисон өргөн уудам талбай, уул уурхайн үйл ажиллагаа явуулаад сүйтгэсэн газрыг малын тэжээл тарьж нөхөн сэргээе, усжуулъя, тэжээлийн нөөц, бэлчээрийн даацаа нэмэгдүүлье гэхийн оронд сүүлийн үед малынхаа тоог цөөлье гэсэн сэтгэлгээ хэт давамгайлсныг өөрчлөх ёстой. Өнөөгийн нөхцөлд бүдүүн, хүчит тэжээлийг өргөн хэрэглэж байгаа ч энэ нь малын бие организмд шаардлагатай уургийн хэрэгцээг бүрэн хангадаггүй. Тухайлбал, буудайн хивэг болон бусад хүчит тэжээлээр бид олон жил малаа тэжээсэн, сайн тал их. Гэвч их хэмжээний ислэгтэй учраас зөвхөн ходоод, гэдсийг л дүүргэж, тэр нь ялгадас болон гарчхаар малын биед шингэх уургийн хэмжээ бага байдаг. Үүнээс болж мал өвөл, хавар уургийн дутагдалд орж, элдэв өвчин эмгэгт амархан нэрвэгдэх, хүйтнийг даах, дасан зохицох чадвар нь эрс муудсанаас турж доройтсоор үхэж хорогддог. Зун, намрын улиралд ч тарга хүч хангалтгүй авч байна. Ийм учраас уургаар баялаг рапс, царгас, шар буурцаг, вандуй зэрэг ургамлыг малчид, малчдын хоршоо, бүлэг нэгдсэн зохион байгуулалттайгаар арвин ихээр тариалж, тэжээлийн балансад уурагт тэжээлийн эзлэх хувь хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Ялангуяа “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагд¬сан малчид үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.
Дээр дурдсан, уургаар баялаг тэжээлийн ургамлуудаас “уургийн хаан” хэмээн дэлхий нийтээр алдаршсан царгас тариалж, үрийг нь үржүүлэн малаа тэжээж туршсан үр дүнгийн талаар Монгол Улсын зөвлөх, Гавьяат агрономич, доктор Ш.Батсүхийн судалгаанаас авч үзье.
Царгас бол олон наст буурцагт ургамал. Агротехникийн шаардлагын дагуу нэг удаа суулгаад дахин тарихгүйгээр 5-7 жил дараалан хадаж, нэг га-аас 8-10 тн хадлан авдаг нь байгалийн хадлангийн 24-30 тн өвстэй тэнцэнэ гэсэн үг. Шимт чанараараа байгалийн хадлангаас 3-4 дахин, ногоон тэжээлээс 2-3, улаан буудайнаас 3-6, шар буурцгаас дөрөв дахин их, бас хөрсөнд азот их хэмжээгээр хуримтлууж үржил шимийг нь нөхөн сэргээх зэрэг олон талын онцгой ач холбогдолтой ургамал юм.
Царгасын 80 гаруй га талбайд дунд зэргийн тарга хүчтэй 1000 хургыг намраас эхлэн арванхоёрдугаар сарын 1 хүртэлх хоёр сар гаруй хугацаанд бэлчээхэд хурга тус бүрийн амьдын жин 10 кг-аар нэмэгдсэн нь жирийн бэлчээрт байсныхаас 5-6 кг-аар илүү жин татсан аж.
Өөр нэг жишээ дурдъя. Малчин, малчдын бүлэг, хоршоо таван га усалгаатай талбайд царгас тариалснаар эхний жил есөн сая орчим төгрөгийн зардал гаргаж, хоёр дахь жилээс таван га-аас 40 тн царгасын тэжээл хураан авах боломжтой. Энэ хэмжээний тэжээлээр ойролцоогоор 50 бод, 450 бог, нийт 750 хонин толгой малыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн дараа хаврын ногоо ургах хүртэл бүтэн таван сарын турш өдөр бүр богт 0.4 кг, бод бүрд 1.7 кг царгас өгөхөд л бэлчээрт бараг гаргахгүйгээр хотонд нь байнга тэжээж онд бүрэн оруулах боломжтойг ч судалж тогтоожээ. Энэ мэт манай орны болон гадаадын олон эрдэмтэн туршиж судлан өндөр үр ашигтайг батлаад байгаа билээ.
Ийм чухал ач холбогдолтой, уургаар баялаг тэжээлийн ургамал тариалах ажлыг улс даяар эрчимтэй зохион байгуулж, одоогийн тэжээлийн хангамж, чанарын түвшинд эрс өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Үүний тулд:
1. Дээр үед тариа, ногоо тарьж байгаад атаршуулж орхисон талбайн тооллогыг аймаг, сум бүрээр хийж, малын тэжээл шинээр тариалах хэсгийг сонгон газар зохион байгуулалтын жил бүрийн төлөвлөгөөнд тусган баталж, тэнд нь рапс, царгас, вандуй, шар буурцаг гэх мэт уургаар баялаг ургамал зонхилон тариалах
2. Тэжээлийн аж ахуйг эрчимжүүлэхийн тулд эхний ээлжид манай оронд тариалж байгаа тэжээлийн таримлуудын үрийн тооллого явуулж, дутагдах үрийг байгаль, цаг уурын хувьд манайхтай адил төстэй Казахстан болон Сибир орчмын бусад улсаас оруулж ирэх.
3. Увсын Хархираа, Архангайн Төвшрүүлэх мэтийн уламжлал туршлагатай бүс нутагт уургаар баялаг тэжээлийн ургамлын үр үржүүлэх аж ахуйн нэгжийг бүсийн хэмжээнд байгуулж, Уургаар баялаг тэжээлийн хангамжийг нэмэгдүүлье эхний ээлжид хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож, цаашид аж ахуйн тооцоонд шилжүүлэн ажиллуулахаар зохион байгуулах.
4. Уурагт тэжээлийн тариалалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн судалгаа, тооцоог гарган захиалан авах.
5.Талхлагдаж муудсан бэлчээрийг өнгөн ба үндсэн сайжруулалт хийх төлөвлөгөөг жил бүр аймаг, сумуудад боловсруулан өгч, сэргээн сайжруулах бүх талын арга хэмжээг технологийн шаардлагын дагуу авч хэрэгжүүлэх.
6. Уурагт тэжээл тариалах, арчилж тордон ургуулах, мал тэжээх сургалтыг тусгай хуваарийн дагуу орон нутагт зохион байгуулах.
7. Өвөрмонгол, Буриадад малчдын төлөөллийг явуулж туршлага судлуулах ажлыг зохион байгуулах.
8. Уурагт тэжээл тариалах ажлыг эрчимжүүлэх хүрээнд шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг жил бүрийн улс, аймаг, сумын төсөвт тус¬гаж, гадаадын зээл тусламж, иргэн, аж ахуйн нэгжийн хандив, дэмжлэгт хамруулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болоод байна.
Мал аж ахуйн хөгжлийн үндэс нь ургамлын аж ахуй, ургамлын аж ахуйн үндэс нь үрийн аж ахуй гэдэг. Тэгвэл байгалийн бэлчээр малынхаа хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон өнөө үед таримал тэжээлийн ургамлын үрийг дотооддоо бэлтгэж нөөцлөхийн зэрэгцээ малчид хэрэгцээт тэжээлээ үндэслэлтэй тооцон бэлтгэх, мал тэжээх арга технологид суралцах, одоогийн хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, байр савыг хүрэлцээтэй, шаардлага хангахуйц буюу Өвөрмонгол шиг хэмжээнд нийцүүлж, өөрчлөн сайжруулах хэрэгтэй боллоо. Цаг сайхан үед тэжээлийн ач холбогдол, мал тэжээх асуудлыг мартдаг, орхидог сэтгэлгээнээсээ салах хэрэгтэйг дахин хэлмээр байна. Таримал тэжээлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлэх нь зөвхөн малын тэжээлийн хангамжийг өсгөх төдийгүй талхлагдсан бэлчээрээ нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, агаараас хорт хийг шингээн хүчилтөрөгч ялгаруулан амьд организмыг тэжээх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой билээ.
Өвөл нь цас ордгоороо орж, хүйтэрдгээрээ хүйтэрнэ. “Байгалийн давагдашгүй хүчин зүйл” гэж дээр, дооргүй нэрлээд улсаас их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж тусламжийн тэжээл малчдад хүргэдэг боловч үр дүн туйлын хангалтгүй байдаг. Тусламжийн ногоон тэжээл нь хатсан цагаан сүрэл, хадлангийн өвс нь хур хог борог, харгана, шарилж зонхилсон юм байдаг. Тэр нь малд ямар ч хоол тэжээл болдоггүй. Энэ мэтчилэн алийн болгон өөрсдийгөө хуурах билээ. Өч төчнөөн хөрөнгө мөнгө, хөдөлмөр зүтгэлээ зарцуулсан ч эцэст нь малчид хэдэн малаа үхүүлж, сэг зэмийг нь овоолоод, мал мах, ноолуураар хуримтлуулсан хэдийгээ үр ашиггүй тэжээлд өгөөд, олонх нь банкны өрөнд унан уруу царайлж нутаг орноосоо дайжин хот суурин руу нүүдэг. Энэ байдлыг түүх болгон үлдээх олон арга замын эхний ээлжид хийх ёстой нэг арга нь уурагт тэжээлээр малаа бүрэн хангадаг болох асуудал мөн юм. Монгол орныг малгүйгээр, малчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймд малаа байгалийн эрхшээлээс найдвартай хамгаалж, малчнаа эх нутагтаа тогтвор суурьшилтай амьдруулах анхны алхам үүнээс л эхэлнэ.
С.Пүрэвдорж