Дональд Трампын засаг захиргаа, Харвардын их сургуулийн хоорондын зөр¬ чил шинэ оргилд хүрэв. Тус сургууль гадаадын оюутнуудыг сургах боломжгүй боллоо. Эрх баригчдын дарамт шахалтыг АНУ-ын ахмад их сургууль эсэргүүцэж буй ч түүний гадаад оюутнуудын хувь заяа тодорхой бус байна. Орос, Казахстан, Израил болон бусад улсын оюутнууд сургууль хийгээд эрх баригчдын зөрчлийн талаар юу бодоцгоож байгааг ВВСгийн Оросын алба мэдэх гэж оролджээ.
Харвардын их сургуульд гадаадын оюутнууд суралцуулахыг АНУ-ын эрх баригчид болиулж байгааг ангийнх нь нөхөр инстаграмаар мэдээлэх үед Казахстанаас ирсэн IV курсийн оюутан Талгат Кабдыгали номын санд сууж байв. “Хажууд сууж байсан оюутнууд утсаар ярьснаа танхимаас гарч хэн нэгэн руу утасдацгаалаа. Тэгээд бид цай уунгаа шөнөжин ярьж суув. Бүгд гайхширч орхисон” гэж Кабдыгали бичсэн байв. Маргааш нь орос оюутан Мария Кузнецова оюутны хотхонд иржээ. “Нэлээд хэдэн оюутан, профессорууд цуглаж багш нараа ямар нэг юм хийж, тусалж чадах, эсэх талаар ярилцлаа. Гэтэл профессорууд маань ч юу болоод байгааг төдийлөн сайн ойлгохгүй байсан. “New York times” сонинд гадаадын оюутнуудыг одоо явуулна хэмээн бичсэн байв” гэж Мария ярьсан байна.
Харвард нь АНУ-ын эртний бөгөөд хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд түүний төгсөгчдөөс төрийн олон арван тэргүүн, олон зуун улс төрч, 200 орчим тэрбумтан төрсөн байдаг. “Энэ сургуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хаадын хүүхдүүд сурдаг. Тэд бидний л адил хууль бус цагаачид болов” гэж Мария яриагаа үргэлжлүүлсэн байна.
Ийм тодорхой бус байдал ердөө нэг хоног л орчим үргэлжилж. Гадаад хүмүүс суралцахыг хориглосон талаар эрх баригчдын гаргасан шийдвэрийг Харвардын их сургуулийн удирдлага эсэргүүцэж гомдол гаргасан нь тавдугаар сарын 23-ны баасан гарагт тодорхой болжээ. Хэдхэн цагийн дараа уг шийдвэрийн үйлчлэлийг түр зогсоож, оюутнууд нь хууль бус цагаач байхаа болив. Гэхдээ тэдний ирээдүй одоо төвөгтэй болж, учрыг нь олох гэж удна, уг асуудал Дээд шүүхэд очих нь эргэлзээгүй.
Харвардад одоо гадаадын 6793 хүн суралцаж буй нь нийт оюутны 27 хувь юм. Оюутан болох зөвшөөрлийг гадаад хүмүүс Харвардын бүрдүүлж өгсөн баримт бичиг дээр түшиглэж авна. Түүнээс гадна төгсөгчдөдөө нэг жил (зарим тохиолдолд үүнээс удаан хугацаагаар) АНУ-д ажиллах эрх олгодог. “Суралцахыг хориглосны маргааш нь буюу баасан гарагт нэг, хоёр жилийн өмнөх төгсөгчид ажлаа хийж болох, эсвэл түүнийг хориглочхсоныг мэдээгүй учир ажилд гарч чадаагүй” гэж мөнөөх Мария Кузнецова ВВС-гийн сурвалжлагчид ярьсан байна. АНУ-д зөвшөөрөлгүйгээр ажил хийнэ гэдэг айхтар том зөрчил бөгөөд цаашид тус улсын иргэний эрхтэй болоход нь сөрөг нөлөө үзүүлдэг юм.
Кузнецовагийн танил оюутнуудаас АНУ-д ажил эрэхээ болиод сургуулиа төгсөн эх орон руугаа буцахаар шийдсэн хүн цөөнгүй байв. “Гэхдээ гэр рүүгээ явж чадахгүй хүмүүс байсан, тэдний нэг нь би. Энд украин, белорус оюутан олон. Афганистан, Венесуэл, Палестин, Умард Солонгосоос ч суралцдаг” хэмээн Кузнецова өгүүл¬сэн байна. Түүний ярьснаар АНУ-д нэг жилээс илүү оршин суусан бол улс төрийн орогнол хүсэх боломжгүй болдог аж.
Мария Кузнецова Оростоо байхдаа жагсаал цуглаанд оролцсоны улмаас саатуулагдсан, улс төрийн шалтгаанаар баривчлагдсан орос хү¬ мүүст тусалдаг “ОВD-инфо” гэдэг төсөлд ажилладаг байжээ. Оросын эрх баригчид энэ байгууллагыг “гадаадын тагнуул” хэмээн зарласан аж. Чухам ийм учраас Мария Украин руу Орос довтлох хүртэл эх орон руугаа буцах боломжгүй байснаас Гүрж рүү явжээ. Хоёр жилийн өмнө тэндээсээ АНУ-д ирж. “Би өөр оронд очих бүрд нэг хүний дэглэмтэй тулгараад байх юм” гэж хэлээд Кузнецова инээвхийлэв.
Жилийн хугацаатай ажил хийх эрхийг тэрбээр нэг сарын өмнө авчээ. Оюутны зөвшөөрөл нь хүчингүй боллоо ч цаашдаа АНУ-д үлдэх боломжийг ажил олгогч нь өгөх болов уу гэсэн горьдлоготойгоор тэрбээр одоо ажил хайж байна. Суралцах зөвшөөрлийг их сургууль нь олговол ажил хайхад ихээхэн дөхөм болох аж. Их сургуулиудын хотхонд Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоон, цөөнхийн дэглэмийн хөтөлбөрийг үгүй хийж, арьс өнгө, хүйсээр ялгаварлах, нийгмийн шударга ёсонд хандах либерал чиг шугамтай тэмцэхээ Трамп сонгуулийн сурталчилгааны үедээ амласан байдаг. Түүнийг Ерөнхийлөгчийн албаа хашиж эхэлснээс хойш засаг захиргаа нь сургалт хийгээд санхүүгийн хувьд биеэ даасан их сургуулиудын үйл ажиллагаанд идэвхтэй хутгалдан оролцох болов. Энэ нь олон их сургуульд Палестинийг дэмжих хөдөлгөөнийг өдөөжээ. Эсэргүүцлийн олон арга хэмжээг цагдаа нар хөөн тарааж, 3000 орчим хүнийг баривчилж, зарим оюутныг их сургуулиас нь хөөсөн аж. Их сургуулиудад тавих хяналтаа Трампын засаг захиргаа ийн чангаруулах гэж оролдоод байгааг нь еврейн эсрэг тэмцэлтэй холбон тайлбарлаж байна. АНУ-ын Хууль зүйн яам “Сургуулийн байр, хотхонуудад еврейн эсрэг шахалт хавчилтыг зогсоох” тусгай алба байгуулаад буй аж.
Израил эмэгтэй Дина (нэрийг нь өөрчлөв) Харвардын их сургуулийг өнгөрсөн онд төгсжээ. Одоо тэрбээр сургуульдаа улс төр судлалаар ажиллаж буй гэнэ. Энэ эмэгтэй тэмцэлд оролцогчдыг дэмждэггүй ч эсэргүүцэл нь ихэвчлэн үг хэлэх эрх чөлөөг хүсэж буйгаа илэрхийлж байна гэж үздэг. Еврейн эсрэг үзэл тус сургуульд ноцтой асуудал болоод буйг Дина зөвшөөрдөг. Гэтэл Трамп туслахын оронд израил оюутнуудад харин ч сөргөөр нөлөөлж, тэд гадаадын бусад хүний адил Харвардад суралцах боломжоо алдаж тун болзошгүй болоод байна гэж Дина бодох болжээ. “Харвардын их сургуулийн удирдлага Трампын бодлогыг эсэргүүцэж, засаг захиргааных нь тавьж байгаа шаардлагад захирагдахгүй гэж хэлэхэд нь 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш анх удаа энэ сургуулийг төгссөнөөрөө бахархах сэтгэл төрсөн” гэж Дина ярьжээ.
Оросын нэртэй сэтгүүлч эмэгтэй Елена Костюченко тус сургуульд “Niewan Fellowship” хөтөлбөрийн нэг жилийн дамжаа дүүргэж буй юм гэнэ. “АНУ-ын их сургуулиуд дэлхий дээр эрх чөлөөний хамгийн өндөр түвшинтэй байдаг нь Трампын санаанд нийцдэггүй юм байна. Их сургуулиудыг зүүний үзэлтнүүд, зүүний соёл, үзэл суртлын үрийг таригч гэж үздэгээ тэрбээр олонтоо хэлж байжээ” гэж Костюченко өгүүлсэн байна.
Трампын цохилтод өртөж буй нь ганц Харвард биш, Америкийн их, дээд 60 сургууль арьсны өнгөөр ялгаварлах, еврейн эсрэг үзэлд суурилсан шахалт хавчилтын төлөө мөрдөн шалгах ажлын хөлд дарагдаад байна. Юуны тү¬ рүүнд Колумбын их сургууль хохирч, Трампын засаг захиргаа гуравдугаар сард түүний санхүү¬ жилтыг 400 сая ам.доллароор хорогдуулжээ. Трампын засаг захиргааны тавьсан шаардлагын дагуу тус их сургууль сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн аж. Гэлээ ч санхүүгийн байдлыг нь сайжруулсангүй.
Харвард арга барилаа өөрчлөв. Дөрөвдүгээр сард тус сургуульд хэсэг шаардлага тавьсны дотор багш, оюутан, ажилтнуудынхаа үзэл бодлыг тандах, хөтөлбөрөө өөрчлөх талаар тусгасан гэнэ. Хариуд нь Харвардын их сургуу¬¬лийн ерөнхийлөгч Алан Гарбер өөрийн бие даасан байдлаасаа сургууль татгалзахгүй гэж мэдэгдэв. “Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран ямар ч Засгийн газар юу заах, хэнийг суралцуулах, хэнийг ажиллуулах, юу судлуулах тухайд хувийн их сургуулиудад өөрийн шаардлагыг тулгах ёсгүй” хэмээн тэрбээр дөрөвдүгээр сарын14-нд бичсэн байна.
Харвардын энэ байр суурь, хандлага бусдад чухал болохоор тус сургууль шахалт хавчилтыг эсэргүүцэж байгаа юм гэж Костюченко үзэж байна. Харин бүх их, дээд сургууль ийм туйлбартай тэмцэл хийхгүй байгаа аж.
Шинэ эрх баригчдын үйл ажиллагаанд хүмүүс хэрхэн хандаж буй нь Костюченкод сонирхолтой байгаа гэнэ. “Оюутан, залуу эрдэмтдийн өнөөгийн үе маккартизм, Вьетнамын дайны үед эсэргүүцлийн хөдөлгөөнийг буудаж байсан шиг юмтай нүүр тулгарахгүй. Хүний эрх бол тэдний олж авсан салшгүй зүйл, гол нь түүнийг алдаж болохгүй гэсэн үзэл бодолтой амьдарч байгаа юм” гэж тэрбээр үздэг.
Энэ хүнд үеийг өнгөрөөх гэж Америкийн зарим эрдэмтэн Канад руу гарч байгаа бол үлдсэн хүмүүс нь эсэргүүцлээ үргэлжлүүлж, нэг хэсэг нь тавьж буй шаардлагад захирагдаж байна гэж Костюченко ярилаа. “Орост болсон маш олон зүйлийг бид манай түүх, манай үндэстний онцлог гэж өөрөө өөртөө тайлбарлаж иржээ. Энэ нь үндэсний онцлог ч, түүх ч, соёл ч огт биш болохыг одоо ойлгож байна. Айсан хүмүүс л биеэ ингэж авч явдаг юм байна” гэсэн дүгнэлтийг энэ сэтгүүлч бүсгүй хийжээ. “Энэ бол надтай учирсан анхны ганцаар захирах дэглэм биш. Гэхдээ америкчууд, хөгжингүй бусад орны олон хүн мэдээж гайхаж алмайрч байгаа гэж бодогдлоо. Тэд ийм юм хэзээ ч үзээгүй байж таарна”. Мария Кузнецова ийм байр суурьтай байгаа аж.
Америк оюутнууд бусад орнуудаас суралцаж буй анд нөхдөдөө туслахыг, ялангуяа Цагаачлалын албаны гар хөлд тэднийг өртүүлэхгүйг ихэд хичээж байгаа гэнэ. Учир нь орон даяар га¬даа-дынхныг хоморголон баривчилж байгаа аж. Бас цагдаа нартай хэрхэн харилцах талаар гадаадын оюутнуудад ойлголт өгөхийн тулд ямар эрхтэйг нь бичсэн хуудсуудыг сайн дурынхан бэлтгэж, тарааж буй аж. Кузнецова эргэж ирж чадахгүй болчхоос болгоомжилж АНУаас гарч явахаа азнаж байгаа бол Казахстаны Талгат Кабдыгали хэдхэн хоноод гэр рүүгээ нисэх ёстой ч бас л хүлээзнэж буй гэнэ. Костюченкогийн хувьд ирэх жил Америкийн өөр их сургуульд багшлах болсон тул хувь заяа нь оюутны визнээс хамаарахгүй болж. Гэхдээ л болгоомжлохоос аргагүй явдал нэг бус хүнд тохиолдсон байх юм. Харвардын ажилтан байсан Ксения Петрова гэх эмэгтэй хоёрдугаар сард Францаас АНУ-д буцаж ирэх гэтэл хил дээр түү¬ нийг саатуулж визийн хугацаа нь дууссан байна гэжээ. Тэрбээр одоо хэр нь саатуулах төвд амьдарч байгаа аж.
Р.Жаргалант