Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын салбарт энэ онд 1.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 328 төсөл, арга хэмжээ батлагдан, хэрэгжүүлж байна” хэмээн саяхан мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд гэхэд л өнөө жил сургууль, цэцэрлэгийн 139 барилга барьж буй, тэдгээрээс 15-ыг нь ашиглалтад оруулсан. Энэ онд багтаагаад уг тоог дахиад 20-иор нэмэхээр төлөвлөжээ. Ингэснээр энэ намар сургууль, цэцэрлэгийн орон тооны багтаамж буюу суудлын тоо 21 500-гаар нэмэгдээж байгаа аж. Үүний 14 мянга гаруй нь сурагч, үлдсэн нь цэцэрлэгийн хүүхдүүд аж. Гэсэн ч олон хүүхэдтэй сургууль, цэцэрлэгт нэмж анги танхим түрээслэхэд 32.9 тэрбум төгрөг шаардлагатай байгааг ч П.Наранбаяр сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ирэх 9-12 дугаар сард гэхэд сургууль, цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэхэд 14.3 тэрбум төгрөг зарцуулна гэсэн юм.
Нийслэлд хот төлөвлөлтийн алдаанаас үүдэлтэй сургууль, цэцэрлэг хүрэлцэхээ болиод удаж буй. Сургууль нэмж бариад, өргөтгөөд ч нэмэр болохгүй, жил бүр 10-20 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэсэн хэвээрээ байгаа. Өнөө жил ч гэсэн мөн тооны хүүхэд ийм маягаар хичээллэж болзошгүй нөхцөл байдал бий болсон.
“ЖИЛ БҮР 10 ГАРУЙ МЯНГАН СУУДЛЫН ЗӨРҮҮ ҮҮСДЭГ”
Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа удирдлагын хэлтсийнхэн “Улаанбаатар хотод энэ хичээлийн жилд 36 сургуулийн 19 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Боловсролын яам, бусад эрх бүхий байгууллага арга хэмжээ авч, 30 орчим барилга, байгууламж түрээсэлж, хүүхдүүдийг суралцуулж байна. Гэсэн 4-5 сургууль яалт ч үгүй гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрсэн. Тухайлбал, Баянгол дүүрэг дэх 14, “Нарны хороолол”-ын дэргэдэх 141, Хан-Уулын 15, Сонгинохайрханы 62 дугаар сургууль юм. 15 дугаар сургуулийн өргөтгөлийг ирэх сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тул тэр болтол хүүхдүүд гурван ээлжээр хичээллэх нь тодорхой болсон. Мөн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээж авах, үгүй нь хараахан тодорхойгүй байгааг та бүхэн мэднэ. Мөн 14 дүгээр сургуулийн тухайд энэ жилийн элсэлтээс нь хамаараад 14-15 бүлэг нэмэгдсэн. Гэх мэтчилэн хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотойгоор гурван ээлжийг бүрмөсөн халж чадахгүй байна. Улсын хэмжээнд энэ онд сурагчийн тоо 30 мянгаар нэмэгдсэний 13 мянга гаруй нь нийслэлд суралцаж буй. Өөрөөр хэлбэл, жил бүр 20 мянган сурагч төгсдөг ч элсэгчийн тоо 30 мянгыг давдаг. Ингэхээр суудлын зөрүү нь 10 гаруй мянгаар нэмэгддэг гэсэн үг Суралцагчийн тоог хөрөнгө оруулалт нь гүйцэхгүй байна л гэж ойлгож болно” гэж ярьсан.
2028 ОН ХҮРТЭЛ 95 ЦЭЦЭРЛЭГ, 108 СУРГУУЛЬ НЭМЖ БАРИНА
Тэгвэл ирэх жил боловсролын салбарын зовлон нимгэрэх болов уу. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд хамрагдалтыг 100 хувьд болгож, анги бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүлээд байна.
2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургууль шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448, гадаадын зээл тус ламжаар 593.6 тэрбум буюу нийт нэг их наяд төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд тусгалаа. Энэ нь 2025 оны төсөвтэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн дүн юм.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар барилга байгууламжийн нэг л шинэ төсөл, арга хэмжээ тусаж, батлагдаж байж. Тэгвэл 2026 оны төсвийн төсөлд гадаадын зээл тусламжийн эх үүсвэртэй нийлээд нийт 57 барилгын санхүүжилтийг тусгажээ. Ирэх оны төсвийн зарцуулалттай холбоотой тоон мэдээллийг доор үзүүллээ.
Улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нийт төсөл:
Барилга байгууламж: 984 тэрбум төгрөг - 221 төсөл, арга хэмжээ
Тоногтөхөөрөмж: 56.6 тэрбум төгрөг - 17 төсөл, арга хэмжээ
Их засвар: 0.9 тэрбум төгрөг - 1 төсөл, арга хэмжээ
Шилжинхэрэгжүүлэх 166 төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөг нь
1.1 их наяд төгрөг. Үүнээс 344.9 тэрбум төгрөгийг ирэх онд санхүүжүүлнэ.
Шинээр хэрэгжүүлэх (улсын төсөв) 32 төсөл, арга хэмжээ: 191.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Санхүүжих дүн нь 103.1 тэрбум төгрөг тус тус байна.
Шинээр хэрэгжүүлэх 15 барилга, байгууламжийн төслөөс:
• Сургууль 4
• Цэцэрлэг 2
• Дотуур байр 3
• Спорт заал 3
•И х, дээд сургуулийн барилга 3 тус тус бий.
Мөн шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн 17 төслийн хүрээнд 2026 онд ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэг, дотуур байранд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.
Шинээр хэрэгжүүлэх (АХБ) 41 төсөл, арга хэмжээ: төсөвт өртөг 593.6 тэрбум төгрөг.
Ерөнхий боловсролын 32 сургууль, 9 цэцэрлэгийн барилга барина.


2026 оны төсвийн төслийн онцлог:
• Өмнөх онуудаас шилжин, удаашралтай хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгахад шаардлагатай төсвийг тусгаж, хөрөнгийг үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн.
• Хүүхдийн тооны өсөлт, газар зүйн мэдээллийн системд суурилсан хөрөнгө оруулалтын оновчтой төлөвлөлтийн дагуу сургууль, цэцэрлэг барих хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон.
• Ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн хүчин чадалд тохирсон тоног төхөөрөмжийг хангахад шаардлагатай төсвийг төсөвлөсөн.
М.Гэгээ