УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, до¬тоод хэргийн сайдын албан тушаалаас Л.Мөнхбаатарыг чө¬лөөлж, Б.Энхбаярыг томилох тухай шийдвэрээ танилцуулав. Тэрбээр уг шийдвэрээ танилцуулахаар энэ сарын 1-нд УИХ-д хүргүүлсэн нь 24 хоногийн дараа сая нэг ажил хэрэг болжээ.
Улмаар гишүүд асуулт тавьж, үг хэлэхэд МАН-ынхны талцал үргэлжилсэн юм. Д.Амарбаясгалангийн буюу Ерөнхий сайдыг “огцруулсан” талынхан гэнэт л хуулиа мөрддөг, сахидаг хүмүүс болчихсон байв. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байх тухай хуульд заасан. Цэц 08 тоот дүгнэлтдээ ч үүнийг тодотгож, “Уг дүгнэлтийг УИХ-аар хянан хэлэлцэхгүй” хэмээн онцолсон. Гэвч зарим гишүүн зөрүүдэлж, өмнөх гурван Засгийн газрын жишээтэй харьцуулах, Цэц “чинь” ингэж шийдсэн гэх мэтээр Г.Занданшатарын талд шийдвэр гаргалаа гэж хардаж буйгаа нуусангүй.
Пүрэв гаргийн орой УИХ-ын даргын дэргэдэх зөв¬лөлийн цахим чатанд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилох шийдвэрийг танилцуулах асуудлыг тов, дараалалд оруулах санал гаргасан аж. А.Ариунзаяа гишүүн энэ талаар хэлээд, “16 гишүүний тав нь л үүнийг дэмжсэн. Цэцийн дүгнэлтийн дараа хэлэлцье гэсэн. Гэвч Б.Пүрэвдорж дарга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчин оруулж ирлээ. Ажлын цаг дуусахаас буюу 17.00 цагаас өмнө Д.Цогтбаатар дарга энэ тухай саналаа бичгээр өгөөгүй, та уншиж танилцуулаагүй бол хуулийн зөрчил гэдгийг тэмдэглэн үлдээе” гэсэн юм. П.Сайнзориг гишүүн “Цэцийн дүгнэлтэд УИХ-ын 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байна. Тэгэхээр эхлээд уг тогтоолыг хүчингүй болгож, Засгийн газрын эрхийг сэргээсний дараа томилгоо хийх ёстой. Үндсэн хууль зөрчсөн хуралдаанд би оролцохгүй, ирцээс гаргаж өгнө үү” гэлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байна, үүнийг УИХ хянан хэлэлцэхгүй гэсэн хууль бий. “Хэрэгжүүлнэ” гэдэг бол шийдвэрийг бодит болгох боломжийг ханга гэсэн утга. Цэцийн шийдвэрийг П.Сайнзориг гишүүн та, бид хоёр тайлбарлаж, хянан хэлэлцэх эрхгүй. Цэцийн шийдвэрийг өөрийнхөөрөө гуйвуулж тайлбарлавал бас л хуулийн зөрчил болно шүү. Мөн уг асуудал бол хэлэлцүүлэг биш, танилцуулга” хэмээн сануулна лээ. Д.Амарбаясгалангийн талынхан Цэцийн дүгнэлт эцсийнх байна гэдгийг “ойлгохгүй”, УИХ-аар заавал хэлэлцэнэ хэмээн зөрүүдэлсэн учраас тэр бүрд нь Ерөнхий сайд “Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байна. УИХ-аар хянан хэлэлцэхгүй” гэсэн тайлбараа давтсан юм
Б.Энхбаяраас гишүүдийн нэг хэсэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбоотой гэсэн мэдэгдлээ нотлохыг, нөгөө нь баялгийн болон нүүрсний хулгайтай яаралтай тэмцэхийг шаардсан юм. Нотлох баримтын тухайд Б.Энхбаяр “Энэ бол шинэ асуудал биш. 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын нүүрсний хулгайн асуудлаарх Хянан шалгах түр хорооноос сонсгол зохион байгуулсан. Хянан шалгагч, шинжээчид нотлох баримттайгаар ярьсан уг хуралдааныг нийтэд шууд дамжуулсан. Уг сонсголын үеэр ярьсан нотлох баримт, шинжээчдийн дүгнэлт Тамгын газрын архивт бий, хүссэн гишүүн бүр танилцах эрхтэй. Уг сонсголыг зохион байгуулж, нотлох баримттай танилцсан хүний хувьд Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбоотой гэсэн 100 хувийн итгэл байгаа. Мөн 30 сая ам.долларын баримт нь Монголоос биш, гадаад орноос гарсан. Гадаадын оронд авлигын баримт нь байгаа этгээд Монголын төрд тамга барьж, алх цохиж болохгүй. Энэ бол ердийн авлигын хэрэг биш, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. ҮАБЗ-ийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй гэж үзсэн. Тиймээс итгэл үнэмшилтэйгээр, хожим хойно харамсахгүй үхнэ гэж өөртөө тангараглаж, уг сонсголыг зохион байгуулсан юм. Амархан байсан гэж бодож байна уу. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу УИХ-д хэнийг нэр дэвшүүлэх, үгүйг шийддэг, Засгийн газраас эхлээд төрийн өмчийн бүх компанийн захирал хэн байхыг мэддэг тэр этгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуудах байсан бэ. Тэгвэл яагаад өөрөө зугтаад, ирээгүй юм бэ. Тиймээс миний дахин нэр дэвших, дараагийн улс төрийн замналд саад болох, эсэхээс үл хамаарч, хэзээ нэгэн цагт ийм хулгайчийг төрийн алх бариулсан гэж харамсахгүйн тулд би тэр ажлыг хийсэн” гэсэн тайлбар өгсөн. Мөн тэрбээр дараа нь цахим хуудсандаа “Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй” хэмээн бичсэн байна лээ. Д.Амарбаясгалан гишүүн түүнийг нэр төрд нь халдсан хэргээр Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээж авсан аж. Мөн “Гэмт хэрэгт шалгуулах гэж хуулийн байгууллагад намайг өгөөгүй, ингэхээсээ айж байгаа. Учир нь эрүүгийн журмаар хандвал өөрөө хуулийн байгууллагад нотлох баримтаа бүрдүүлж өгөх болно” гэв.
“Гэрээг ил болгохын тулд харилцан зөвшөөрөл авна” гэсэн заалттай гэрээнүүдээс бусдыг нь ил болгосон гэдгээ Ерөнхий сайд энэ үеэр мөн хэлсэн юм. Ийнхүү танилцуулга хийсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Б.Энхбаяр тангаргаа өргөв. Үүний дараа Л.Мөнхбаатар сайд түүнд тамгаа хүлээлгэсэн өгсөн байна.
С.Уул