Норвегийн хаан V Харальдыг жанч халахад хүү Хокон нь залгамжлан авав. Харальд хаан жирийн норвег хүмүүс дундаа маш нэр хүндтэй нэгэн байж. Тиймээс эцгийнхээ үлдээсэн өндөр зам мөрөөр замнахад VIII Хокон хаанд ихээхэн төвөгтэй байх биз хэмээн Норвегт олон хүн бодож байв.
Норвег улс 1905 онд Шведээс туурга тусгаарлаж сэргээн бий болсноос хойш хаан суудалд сууж буй дөрөв дэх хүн нь Хокон юм байна. Хаан болоод түүний хийсэн анхны алхмуудын нэг нь Засгийн газрын шуурхай хуралдаан бөгөөд түүн дээр өөрийгөө “хаан” хэмээн зарлаж, эцгийнхээ баримталж байсан “Бүхнийг Норвегийн төлөө” хэмээх уриаг хүлээн авч буйгаа мэдэгэв. Эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүү лэхэд Хокон сайн бэлтгэгдсэн гэж олон тоймч хэлж байлаа. Ханхүүгийн хувиар Хокон хаан эцгийнхээ хажууд олон жил ажиллаж, сүүлийн жилүүдэд өвчтэй хийгээд бусад шалтгаанаар эзгүй байхад үүргийг нь олонтаа орлон гүйцэтгэж байжээ. Хаан Харальд ч намтартаа “Надад аз тохион үе залгамжлах хүү минь ажил, үйлсийг үргэлжлүүлнэ” гэж бичиж байсан аж. Түүхч Трунд Норен Исаксен ВВС-гийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа өөрийнх нь бодож буйгаар Хокон эцгээсээ өөр, ард олондоо нэр хүнд багатай хаан байх болов уу гэж хэлсэн юм. “Харальд бол бусдыг өөртөө гойд татдаг, хошин шогийн их мэдрэмжтэй, үүгээрээ хүмүүст их таалагддаг хаан байсан. Хокон харин нэлээд төлөв, ээжтэйгээ багагүй төстэй хүн. Гэхдээ сүүлийн үед ихээхэн чөлөөтэй болж, өөрийгөө нээж, хошин шогийн мэдрэмжтэйгээ харуулах болсон. Эцэг, эх нь нас өндөр болсноор олон жил хүнд ачаа үүрсэн, гэргий нь бие муутай” гэж хэлсэн байна. Хокон нь Британийн хатан хаан Викториягийн гуч хүү юм. Тэрбээр дээрээ эгчтэй ч хааны ууган хүүгийн хувиар эцгийнхээ орыг залгах эрхтэй эхний хүн мөн байв. 1990 онд Норвег Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, удам угсааныхаа эмэгтэйчүүдийг хаан ширээ залгамжлах эрхтэй болгожээ. Тэгэхээр гүнж Ингрид Александра хэрэв тэргүүн суудалд заларвал Магреттегээс хойш буюу XV зууны эхнээс нааш Норвегийн анхны хатан хаан болох нь. Хокон хаан ширээнд залрах цаг үе нь эрх баригч удмынханд ихээхэн адармаатай цаг үед тохиож байна. Сүүлийн жилүүдэд Норвегийн хааны гэр бүлийн нэр хүндийг дуулиан шуугиан булингартуулах болжээ. Энэ онд, ер саяхан Хоконы гэргий Метте-Марит хормой хотны явдалд орооцолдож, шоронд нас барсан АНУын иргэн Жеффри Эпштейнтэй нэр холбогдож байсандаа олон түмнээс уучлалт хүссэн аж. Түүний хүү, ханхүү Хоконтой танилцахаас нь өмнө төрсөн Мариус Борг Хёиби нь хүчингийн хэргийн улмаас шоронд хоригдох ял авсан. Тэр давж заалдах өргөдөл өгсөн юм билээ.
Хаан Хокон 1973 онд Норвегийн нийслэл Осло хотод төржээ. Тэрбээр хаан Харальд, хатан Соня нарын отгон хүү юм. Түүний өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр хүүхэд байхдаа “ханхүү” гэгдэх дургүй байж. 1980 онд улсын бага сургуульд орсноо дурсан 2023 онд бичсэн намтартаа “Сурагч байхад ийм ярианд бухимддаг байсан” гэж өгүүлжээ. Өвөө V Oлив хаан нас барсны дараа Хокон 17 настайдаа 1991 онд хаан ширээ залгамжлагч болсон байна. Тэгээд улсын сургуульд орж суралцсан нь хааны гэр бүлийн гишүүний хувьд ховорхон тохиолдол байв. Сургуулиа төгсөөд Тэнгисийн цэргийн академид элсэж, 1995 онд дүүргэв. Цаашдаа эцэг, өвөө хоёрынхоо замналаар явахгүй байхаар шийдэж, Оксфордын их сургуульд оролгүй Калифорнид Берклийн их сургуульд улс төр судлахаар далайн чанадыг зорьжээ. Тэндээс 1999 онд Норвегтоо эргэж ирээд байхдаа Кристиансан хотод хөгжмийн их наадам үзэж яваад ирээдүйн гэргий болох нас чацуу, хүнтэй суугаагүй байхдаа төрүүлсэн хоёр настай хүү тэй Метте Мариттай танилцав. Хүүгийн эцэг нь тухайн үед мансууруулах бодистой холбоотой хэргийн учир шоронд орсон байжээ. “Бид хоёрын учрал их хүчтэй байсан, би түүнийг алдахыг хүсээгүй” хэмээн 2001 онд хуримаа хийхийн өмнө гэргийнхээ тухай ханхүү Хокон ярьж байжээ. Гэтэл тэр хоёрын учралыг зарим хүн таагүй үнэлж, ялангуяа Метте Маритын тухай муухай хэл ам гарч байсныг Хокон нууж хаалгүй ярьсан байдаг. Хэвлэлээр ч яриа маргаан дэгдсэн байна. Зарим нэг нь энэ хэлхээ холбоо бүр Норвегийн хаант засаглалыг төгсгөл болгоно гээд америк бүсгүй Уоллис Симпсон, Британийн хаан VIII Эдвард хоёрын учралыг эргэн сануулсан аж.
Тэр явдал 1936 онд хаан суудлаа орхисноор төгссөн юм байна. Түүний зэрэгцээ Метте Марит нь хааны гэргий болсон анхны “харц” иргэн байсангүй. Тухайн үед ханхүү байсан Харальд Хоконыг Метте Мариттай учрахаас 31 жилийн өмнө Сонятай гэрлэсэн аж. Хааны суудлыг залгамжлах хүн (Харальд) сэтгэлтэй болсон бүсгүйтэйгээ сүй тавих, хурим хийхээсээ хэдэн сарын өмнөөс Ослод нэг гэрт амьдарч байсанд нь Норвегийн лютеран шашны сүм дургүйцлээ илэрхийлж байжээ. Норвегчуудын олонх нь энэ байдалд ихээхэн сүжиггүй байсныг санал асуулгын дүн харуулсан байна.
Тиймээс 1990-ээд онд наргиан цэнгээний газар, тэр дундаа мансууруулах бодистой холбогдож явсан эмэгтэй хааны хатанд тохирох уу, үгүй юү гэх асуудал олон хүний сэтгэлийг чилээж байлаа. Энэ мэт асуултад Метте-Марит хуримаасаа гурван өдрийн өмнө нэлээд сэтгэл хөдөлсөн байдалтайгаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өнгөрсөн амьдрал нь оргилж буцалж байсны” төлөө уучлалт хүсээд, мансууруулах бодис бол хорт зуршил байсан гэж хэлжээ. Тэр наргиан цэнгээний үдшүүдэд мансууруулах бодисыг өөрөө дур мэдэн хэрэглэж байсан, эсэх тухайд юм хэлсэнгүй. Гэлээ ч энэ ярилцлага олон хүний бодлыг өөрчилжээ. Метте-Марит энэ үеэс энгийн олон норвег хүний сэтгэлийг татаж, урьдын юмыг ул болгож, орчин цагийн Норвегийн хааны ёсны зул болж ирсэн байна. Хокон ч өөрийг нь нээлттэй хүн болоход нь Метте-Марит тусалсан хэмээн ярьсан байна. “Би тийм ч нийтэч хүн биш. Метте бол төрлөхийн авьяастай. Түүнийг ороод ирэхэд тэнд байсан бүх хүний харилцаа аятай таатай болоод явчихдаг” гэж Хокон хаан болоогүй байхдаа бичиж байжээ. Метте-Марит гүнж болмогцоо буяны үйлс хийх болж, тухайлбал, дархлал хомсдолын вирус хийгээд бичиг үсэггүй байдалтай тэмцэх ажил эрхэлжээ. Гэтэл уушгины хатуурал гэгч өвчин туссан нь 2018 онд оношлогдсоноос түүнд илүү найртай хандах, дэмжих шалтгаан болов. Гэвч сүүлийн үед Хоконы гэр бүлийн ажил үйлсийг хэвлэл хийгээд олон нийт огт өөр өнцгөөс харах болсон байна. Хүчингийн хэргээр ял эдэлж буй Мариус Берг Хёибюгийн “сүүдэр” энэ гэр бүлд тусах болов. Нэгэн нэхэмжлэгч Ослогийн ойролцоох Хааны өргөөнд түүнд хү чиндүүлсэн гэж мэдэгдсэн байна. Хойт эцэг болон бусад ойр садангийнхан нь Мариусыг хааны гэр бүлийн гишүүн л гэж ханддаг байж.
Гэхдээ яг ч гишүүн биш гэдгийг нь нэг биш удаа илэрхийлж байжээ. Хокон, Метте-Марит нар гүнж Ингрид Александра, ханхүү Сверре Маниус гэж дундаасаа төрсөн хоёр хүүхэдтэй юм. Мариусын хэргийг шүүх авч хэлэлцэхээс хэдэн өдрийн өмнө өөр нэг хэл ам дэгдсэн нь Метте-Марит мөнөөх Жеффри Эпштэйнтэй удаан хугацаанд дотно харилцаатай байсныг нь илчилсэн баримт хэвлэлд нийтлэгдсэн аж. Үүний дараа Метте хадам эцэг, эх хоёроосоо уучлалт хүсэж, Норвегийн телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Эпштэйнтэй танилцсан нь алдаа байсан, зүй нь бол түүнтэй учрахгүй байх ёстой байсан гэж хэлжээ. Метте-Марит хатан хаан болох нь гарцаагүй ч түүнд ийм хувь тавилан тохиох ёсгүй гэж энэ онд явуулсан хэд хэдэн санал асуулгад оролцсон норвегчүүдийн бараг тэн хагас нь үзсэн байв. Меттеггийн хүүг шүүх хуралдаан өнгөрөөд хоёр хонож байхад, зургаадугаар сард Метте-Марит уушги шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэв. Ийм мэс засал хийлгэхгүй бол түүнийг ердөө нэг жил орчим л амьд байна гэж эмч нар хэлсэн аж. Одоо болохоор хатан хааны эрүүл мэнд тогтвортой, эсэхийг нэг жилийн дараа л хэлэх боломжтой гэж эмч нар үзэж буй юм байна.
Хааны суудалд заларсны дараа нэг жил Хоконы хувьд ийм л бэрхшээлтэй тулгараад байна. “Se og Her” сэтгүүлд хааны гэр бүлийн талаар бичдэг сэтгүүлч, хатагтай Каролина Вагле сүүлийн үед гарсан хоёр дуулиан шуугиан Норвегийн хааны гэр бүлийн нэр хүндэд хэрхэн нөлөөлөхийг дөвийлгөх хэрэггүй хэмээн үзэж байна. Тэрбээр “Хааны гэр бүл хийгээд Хокон хэрхэн хандаж байгаа, Харальд хаан амьдралынхаа туршид олж авсан хүмүүсийн итгэл, өв уламжлалыг дараагийн үе нь итгэл үнэмшлээрээ арвижуулах, эсэх нь цаашдаа шийдвэрлэх ач холбогдолтой” гэж хэлсэн байх юм.
Тэгвэл “Nettavisen” хэвлэлд хааны гэр бү лийн талаарх мэдээллийг хариуцдаг Туве Толесен болохоор энэ хэрүүл шуугиан нь хааны ордны л хэрэг явдал, Хокон ямар ч тохиолдолд хааны үүргээ гүйцэтгэхэд бэлэн гэсэн бодолтой байна. Тэрбээр “VIII Хокон хааныг V Олав, V Харальд хаад шиг л хүндэлж, хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлжээ.
Хокон 2001 онд Норвегийн Гадаад хэргийн яаманд ажиллаж, Лиллехаммерт болсон Олимпын тоглолтын нээлтийн ёслолд оролцон, цэнгэлдэх хүрээлэнд гал асаасан байна. 2003 онд ханхүү байхдаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элчийн хувиар үг хэлэх хүсэлт хүлээн авчээ. Хокон 2026 оны наймдугаар сарын 28-нд Норвегийн хаан болж, Парламентад тангараг өргөх ёслол нь есдүгээр сарын 1-нд болов.
Түүний ууган охин Ингрид Александра 2004 оны эхээр, хүү Сверре Магниус нь 2005 оны эцсээр төржээ. Энэ хүү Хоконы удамд гурав дахь үе залгамжлагч нь болох аж. Метте-Марит, Мортен Борг нарын дундаас 1997 онд төрсөн дагавар хүү Мариус хааны үе залгамжлагчийн тоонд орохгүй. Хокон цанаар сайн гулгадаг, усан онгоц жолоодно, нисдэг төхөөрөмжөөр явах дуртай. Театрт очих маш сонирхолтой, Норвегийн жүжгийн зохиолч Генрик Ибсений бүтээлийг ихэд үнэлдэг юм байна.
Р.Жаргалант