Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Бако констракшн” компани нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа А.Ишдорж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү Отгонбаатарын ХААН банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Үүнд нь Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-3-т заасан улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан бол Т.Баатарсүрэнд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүү гийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Далайхүү, Т.Энхмандах, Ц.Эрдэнэчимэг нар, прокурор НПГ-ын хяналтын прокурор Ц.Хулан, шүүгдэгч нар, тэдний гурван өмгөөлөгчийг байлцуулан хэлэлцээд, А.Ишдоржийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ. Харин Т.Баатарсүрэнг хахууль өгсөн гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасан, хоёр жил хорих ял оноов. Улмаар тэдний хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, өнгөрсан баасан гаргаас эхлэн хорихоор болж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүргүүлсэн юм. Өмнө нь тус шүүх А.Ишдорж, Т.Баатарсүрэн нарын хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байв. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хэлэлцсэн, 10 сая төгрөгийн хахууль авсан, өгсөн асуудалд бодитоор дүгнэлт хийгээгүй гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр буцаагаад байсан юм. Ийнхүү нэг бус эрүүгийн хэрэгт холбогдсон ч мултарч байсан Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид шүүх ял оноолоо.
Тэрбээр 2020 онд тус аймгийн Засаг даргаар томилсон бөгөөд 2023 оны наймдугаар сард зам тээврийн осол гаргаж, хүний амийг хохироосон үйлдэлдээ хариуцлага хүлээж, ажлаа өгсөн юм. Харин Эрүүгийн хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12-20 жил хорих ял оноохоор хуульчилсан. Т.Баатарсүрэнгээс хахууль авсан үйлдэл нь 2023 оны хоёрдугаар сарын 17-нд болсон гэж шүүх үзжээ.