Манай улсын хэмжээнд 2022 онд 326.5, 2023 онд 301.3, өнгөрсөн жил 298.9 мянган тонн сүүг үйлдвэрийн аргаар болон малчдын хотноос бэлтгэснийг Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн тайланд бичжээ. Жилд 300 гаруй мянган тонн сүү бэлтгэдэг болсон нь тав, бүр 10 жилийн өмнөхтэй харьцуулахад өндөр дүн, өссөн үзүүлэлт. Гэвч бэлтгэж буй сүүний 50 гаруй хувийг үйлдвэрийн аргаар, үйлдвэрт бэлтгэдэг сүүний талаас илүү хувийг хуурай сүүгээр хийдэг. Хуурай сүүг бид импортолдог. Ер нь сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ бараг 60 хувийг гадаадаас худалдан авдаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан хоёр аяга сүү, хоёр аяга тараг, хоёр халбага цөцгий тутмынхаа нэгийг нь “айлаас гуйж” авдаг гэхэд хилсдэхгүй.
Сүүлийн 10 жилд манай улс жил бүр ойролцоогоор 60 сая мал тоолуулж ирсэн. Үүний 25 хувийг хээлтэгч буюу эм мал гэж тооцдог. 25 сая эм малаас жилд багадаа нэг сая орчим тонн сүү бэлтгэх боломжтойг мэргэжилтнүүд дурддаг. Тэгвэл 2024 онд л гэхэд өтгөн болон хуурай сүү, цөцгий 5757 тонныг импортлоход 17.5 сая “ногоон” зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд . Үүн дээр нэмээд бяслаг, тараг болон бусад сүүн бүтээгдэхүүн худалдан авсан дүн нэг жилд 40-50 сая “ногоон”-оор хэмжигдэнэ. Мал аж ахуйн орон Монгол цагаан идээгээ боловсруулж, хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа өөнгүй шалтгаантай. Энэ талаар хөндье.
Юуны түрүүнд сүүний үйлдвэрүүдийг суурилуулсан хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байгаа аж. Тухайлбал, 2024 онд улсын хэмжээнд сүү боловсруулах 88 үйлдвэр ажиллаж, тус бүр нь хоногт дунджаар 900 тонн түүхий эд боловсруулах хүчин чадал бүрдүүлснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлжээ. Боловсруулах үйлдвэрүүд харилцан адилгүй хүчин чадалтай ч улсын хэмжээнд хоногт дунджаар 900 тонн сүү боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна гэсэн үг. Гэтэл хүчин чадлынхаа 50 хувийг л ашигладаг гэнэ. ХХААХҮЯ-ны Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Отгонжаргалаас энэ талаар тодрууллаа.
-Манайх мал аж ахуйн орон гэдэг ч хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ бараг 60 хувийг импортолдог. Импортын хамаарлыг бууруулах, дотоодын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өсгөх талаар салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ?
-Сүүний үйлдвэрийн тоо, хүчин чадлын хэмжээ жилээс жилд өсөж буйг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглахгүй байна. Үүнд нэгдүгээрт, манай улс нүүдлийн мал аж ахуйтай нь нөлөөлдөг. Сум, суурин газраас хол, тархай бутархай амьдардаг малчдын малын сүүг цуглуулах, боловсруулах айлуудад ойр байрлах үйлдвэр алга. Сүү эмзэг бүтээгдэхүүн учраас хол замын ая даахгүй, 3-4 цагийн дотор л гашилж мууддаг. Тиймээс Засгийн газар, салбарын яамнаас сүү боловсруулах үйлдвэрийг аймаг, сум бүрт байгуулахыг дэмжиж буй. Тухайлбал, 16 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөлийн 20 сумд бяслаг, цагааны идээний үйлдвэр барьж байна. Хөвсгөл нь улсад сарлагийн тоогоор тэргүүлдэг учраас сүүний үйлдвэр байгуулахаар болсон юм билээ. Дээрх үйлдвэрүүдээс нэгийг нь ашиглалтад оруулсан бол зургааг нь Улсын комисс хүлээж авсан. Ирэх онд үлдсэнийг нь ашиглалтад оруулна. Бас Булган аймгийн Тэшиг сумд хоногт зургаан тонн сүү боловсруулж, цөцгий бэлтгэх үйлдвэрийг энэ онд багтаан ашиглалтад оруулахгэжбайна. Сүхбаатарт өдөрт нэг тонн сүү боловсруулах үйлдвэр саяхан нээлтээ хийлээ. Цаашид ч аймаг, сумын төвд сүүний жижиг, дунд оврын үйлдвэр байгуулахад хөнгөлөлттэй зээл тусламж олгож, дэмжинэ.
-Улсын төвсийн хөрөнгөөр бяслаг, сүүний үйлдвэр бариад ашигтай юу. Хэн, хэрхэн хариуцан ажиллах вэ. Үргүй зардал болоод өнгөрөх юм биш биз гэсэн хардлага бий.
-Төсвийн хөрөнгөөр барьсан сүүний үйлдвэрийг хоршоологчид ажиллуулна. Иргэд нэгдэж хоршоо болж, сүүний үйлдвэрийг ажиллуулж, анх оруулсан санхүүжилтийг төлж дуусгаад, өөрсдийн болгох юм. Хөвсгөлийн иргэд, малчид ч эл санаачилгыг таатай хүлээж авсан.
-Сүүний нийлүүлэлтийг өсгөх зорилготой өөр ямар дэмжлэг байгаа бол?
-Хүйтний улиралд буюу 11-3 дугаар сард үйлдвэрүүдэд сүү нийлүүлж буй малчид, фермерүүдэд литр тутамд нь 500-1000 төгрөгийн урамшуулал олгоод таван жил болсон. Ирэх оны дөрөвдүгээр сард энэ шийдвэр цуцлагдах юм. Үүнийг үргэлжлүүлэхээр хэлэлцэж байгаа. Ийм урамшуулал олгосны үр дүнд өвлийн улирлын сүүний нийлүүлэлт гурав дахин өссөн. 2024 онд гэхэд уг урамшуулалд 18.9, өмнөх жилд нь 16.1 тэрбум төгрөг өгчээ. Мөн найман хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг малчид, иргэд авч болно. Тухайн орон нутгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандах хэрэгтэй. Мэдээж зээлийн шалгуур хангана гэв.
Нэг эм малаас 400-500 грамм сүү саана гэж тооцвол жилд сая тонн сүү бэлтгэх боломжтойг дээр дурдсан. Малын ашиг шим сайжирч, фермийн аж ахуй хөгжин буй энэ үед сүүний чиглэлийн нэг үхрээс өдөрт 50-60 литр сүү саадаг айл ч олон. Гэхдээ сүүний чиглэлийн үхрийн тоо цөөн, фермерийн аж ахуй манайд хөгжиж буй учраас саалийн хэмжээ бага юм. Бас эм мал бүрийг сааж, ашиг шимийг нь хүртэж чадахгүй байгаа нь үнэн. Энэ тухай Ховд аймгийн Дарви сумын нэгэн малчин “Манайх 1000 гаруй толгой малтайгаас 800 орчим нь бог. Үүний 70 хувь буюу 500-600 нь эм мал байна. Гэхдээ эм хонь, ямаагаа зунд огт сааж чаддаггүй. Саах хүн хүч, боловсруулах чадал ч алга.
1990 оноос өмнө нэгдэл гэж байхад би залуу байлаа. Нэгдлийн гишүүн айлууд зунд хэд хэдэн гэрээрээ тасаг болжбуудаг. Эм хонь, ямаагаа холбоод орой, өглөөд хоёр сааж, сүүгээ сүүн завод буюу тасагт тушаана. Малын тоотой уялдуулсан сүүний нормтой. Норм хэмжээндээ хүргэхгүй гэсэн ойлголт үгүй. Саасан сүүгээ тушаагаад л ажлын үзүүлэлтээ дүгнүүлж, цалинждаг байсан цаг. Өөрөөр хэлбэл, ерөөсөө малын дэлэн дэх бүх сүүг л ашиглаж байж. Одоо байдал өөр болсон. Манайх гэхэд 80 гаруй үхрээ л арайхийж сааж, цагаан идээ бэлтгээд борлуулахыг нь борлуулж, үлдсэнийг нь ашигладаг. Малчид орлогынхоо дийлэнхийг мах, ноолуураас бүрдүүлж, сүүгээ бүр орхигдуулсан. Ядаж ойрхон сүүний үйлдвэртэй бол тушаах сан” хэмээн ярив.
Сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 60 хувийг импортолдог, түүхий сүүний нийлүүлэлт тааруу байдгаас ч шалтгаалдаг уу сүү, цагаан идээний үнэ Монголд өндөр. Цалин орлого багатай, худалдан авах чадвар муутай иргэдийн хувьд сүү, цагаан идээ гэдэг тансаг хэрэглээ л гэсэн үг. Хүнсний зах дэлгүүрт нэг литр үйлдвэрийн сүү 5000-6000, литр тараг 5000-9000, цөцгийн тос 200 грамм нь 10 000, зөөхий 7000-8000 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл ааруул аль аймгийнх болон хэмжээнээсээ хамаарч кг нь 30 000-60 000, шар тос кг нь дунджаар 40 000 төгрөгийн ханштай. Өдийд сүү, цагаан идээ, махны үнэ хамгийн хямд байдаг үе боловч хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад цагаан идээ тус бүрийн үнэ кг, литр тутамдаа 1000-3000 төгрөгөөр өсжээ. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Ч.Тогтохбаяр “Сүү, цагаан идээний үнэ тогтмол нэмэгдэх юм. Саяхан, 2-3 жилийн өмнө л үйлдвэрийн нэг литр сүү 3500-3700, цөцгийн тос 200 граммтай нь 6000-7000, тараг литр нь 3500-5000 төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл одоо үйлдвэрийн тараг, сүүний үнэ литр нь 5000 төгрөгөөс давж, 200 грамм цөцгий гэхэд л 10 000 болжээ. Бас монгол бяслаг 200-300 грамм нь 40 000 төгрөгийн үнэтэй байгаа бол импортынх кгнь 40 000-50 000 гэж байна. Хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн жимстэй, шоколадтай, 100 граммтай жижиг сүү 1500-3000 төгрөг. Ийм үнэтэй байгаа нь айл болгон, өдөр бүр хүүхдүүддээ цагаан идээ идүүлээд, сүү уулгаад байх боломжийг хаадаг. Сүү авснаас талх, махаа авах хэрэгтэй гэсэн үг. Ер нь сүү ууж, цагаан идээ идэж сураагүй хүүхдүүд улам дургүй болдог юм байна” хэмээн бухимдангуй өгүүллээ.
Сүү, цагаан идээ бол эрүүл мэндэд онцгой ашиг шимт бүтээгдэхүүн гэдэг. БНХАУ, БНСУ зэрэг улсад 1990-ээд оноос айл бүрт сүү аян хэрэгжүүлж, хүүхдүүддээ сүү уулгасны үр дүнд иргэдийнх нь дундаж өндөр 20 жилд 10-15 см-ээр нэмэгдсэн гэсэн судалгаа байдаг. Нэг хүн жилд 180 литр сүү, түүнтэй тэнцэхүйц цагаан идээ хэрэглэвэл эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэсэн зөвлөмжийг НҮБ-аас гаргасан. Тэгвэл монгол хүн сүүтэй цайг оролцуулаад жилд 50 гаруй литр сүү, цагаан идээ хэрэглэдэг нь олон улсын дунджаас гурав дахин бага дүн юм. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн үдийн цайнд ядаж 100 грамм сүү өгдөг болох сон, уг нь олон малтай шүү дээ хэмээн яриад олон жил өнгөрсөн ч дорвитой шийдэл, үр дүн алга. Бас сүүний үйлдвэрлэлийн бүтээмжээ дээшлүүлж, цагаан идээний зах зээлээ тэлэхийн тулд фермерийн аж ахуйг хөгжүүлж, сүүний чиглэлийн, сайн үүлдрийн малын тоогоо өсгөх шаардлага байна. Олон тоотой, ашиг багатай мал малласнаас цөөн тоотой ашиг шим өндөртэй сүрэгтэй байвал хаана, хаанаа хэрэгтэй.
Дотоодод үйлдвэрлэж буй сүү, тараг, сүүн бүтээгдэхүүний амт чанар, нэр төрөл, гааны өнгө үзэмж улам бүр сайжирч буйг хэлэх нь зүйтэй. 10 жилийн өмнө зах зээлд дотоодын үйлдвэрийн 10 гаруй нэрийн бүтээгдэхүүн нийлүүлж байсан бол өдгөө том, жижиг олон үйлдвэр нийт 30-аад нэр төрлийн бүтээгдэхүүн санал болгож байгаа гэнэ. Бэлчээрийн мал аж ахуйтай, сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч болох том амбицтай, органик гаралтай цагаан идээний томоохон нийлүүлэгч болох боломж, зорилготой Монгол орны хувьд сүүний салбарын хөгжил удаан, түүхий эд бэлтгэл хангалтгүй, ажиллах хүч дутмаг зэрэг асуудалтайгаа зууралдсаар л. Сонирхуулахад, Энэтхэг улс жилд 220 сая тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд тэргүүлдэг бол АНУ 105 сая тонноор удаалж, манай урд хөрш БНХАУ 45 сая тонныг нийлүүлж дөрөвдүгээрт жагсдаг юм байна.