- Сайжруулсан түлшний шуудайнд барьцалдуулаагүймидлингсавлаад борлуулж эхэлжээ -
Галлагааны улирал эхлэхтэйзэрэгцэнөнөөдрийн байдлаар найман иргэн угаарын хийд хордож, нас барсныг албаныхан хэлсэн. Харин энэ он гарснаас хойш 110 иргэн угаартаж амиа алдсаныг ХЭҮК-оос мэдээлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн сарын 14-27-нд угаарын хийн хордлогын улмаас 97 хүн тусламж, үйлчилгээ авч, дөрвөн иргэн нас барсныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хэлнэ лээ. Харамсалтай нь, энэ ньбайдаг л нэг статистик болчихжээ. Урьдчилан сэргийлж, аварч болох үхлээр иргэд нь хорогдсоор байхад эрх баригчид нүдэн балай, чихэн дүлий суусаар. Эмгэнэж харуусахын оронд арчаагүй, анхиагүйн улмаас амиа алдсан мэтээр хардаг хандлага нэгэнт тогтчихлоо.
Нийслэлчүүдийн тал хувь нь гэр хороололд нүүрс түлж амьдарч байна. Нэг сая орчим иргэний амь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж, хөлдөж, эсвэл угаартаж үхэх сонголтгүй сонголттой нүүр тулсаар. Яг л туршилтын харх шиг. “Түүхий нүүрс хэрэглүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш түл” гэж хүчээр тулган шаардсан нь хэдхэн жилийн өмнө. Гэтэл одоо “Сайжруулсан шахмал түлш болохгүй нь. Хятадаас оруулж ирсэн хагас коксон түлш хэрэглэ” хэмээн нийслэлийн засаг дарга “зарлигдсан”. Гэр хорооллын иргэд “зарлиг”-ийг ёсоор дагаж буй. Тэгсэн нийслэлийнхний “гэнэтийн бэлэг” дууссангүй. Сайжруулсан түлшний шуудайнд мидлинг савлаад борлуулж эхэлжээ. Энэ юу болов гээд учрыг ухтал нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин түлшийг сонголттой худалдаалах болсныг өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлинг гэсэн гурван төрлийн сонголттойгоор түлш худалдаалж эхэлжээ. Ингэснээр иргэд түлшийг хооронд нь харьцуулах юм гэнэ. Уг нь Засгийн газар, нийслэлийн удирдлага үүнийг харьцуулаад судлаад, шинжлэх ухаааны үндэслэлтэйгээр, хүний биед хамгийн хор нөлөөгүй түлшийг иргэддээ санал болгох байтал ийн хариуцлагаас бултах “мэргэн арга” бодож олсон бололтой. Ямар нэгэн эрсдэл гарвал “Иргэд өөрсдөө л сонгосон” гэх үгээр ам хаах нь.
Барьцалдуулагчгүй, угаасан нүүрсийг ийн шуудайлж зарж буй талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Энэ мидлинг бол баяжуулсан нүүрс биш. Угаасан нүүрс биш. Завсрын бүтээгдэхүүн. Угаасан нүүрс 10 хувь үнстэй бол мидлинг 25-30 хувь. Тиймээс дутуу шатаж угаарын хий үүсгэх нь илүү. Үүнийг нийгмээрээ хохирч баталлаа. Шахмал түлшийг өнгөрсөн зургаан жил үүгээр хийсэн. “Үнс багатай, сайхан гялгар хар нүүрс ашиглаач” гэхээр “Хятадаас хөх нүүрс авна” гээд зүтгэчихсэн. Тэр нь нэг дүлий саарал юм. Үүнээс болж хүмүүс хохирно” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Унтаад сэрэхгүй байх вий гэх айдастай амьдарч буй иргэд арга ядахдаа түүхий нүүрсээ түлье гэх саналыг холбогдох газруудад ихээр ирүүлсэн гэнэ. Харамсалтай нь, хариу нь түүхий нүүрс биш, мидлинг. Үүнийгээ арваннэгдүгээр сарын 15 хүртэл борлуулах гэнэ лээ. Тэгээд цаашид сонголтгүйгээр хагас коксыг “шахах” аж. Тийм юм бол, иргэдэд сонголт өгсөн мэтээр тохуурхах сонирхол хэнд байна вэ.
Ч.Цэлмэг