Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх арьс, шир боловсруулах үйлдвэрүүд болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг түүхий эд авах цэг, мах боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд буй билээ. Тодруулбал, эдгээрийг стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх дэд бүтэц, хууль, эрх зүйн орчин нөхцөлөөр хангасан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-т нэгтгэн байршуулах юм. Үүний хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах ажил ямар шатандаа яваа талаар нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл өгөв.
Аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс шинээр төвхнүүлэх эко парк руу нүүхэд шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгон, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Мөн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилт хангалтгүй байгаагаас төсөл удааширч болзошгүй талаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар онцолсон.
Аж үйлдвэрийн паркт арьс, шир боловсруулах 28 үйлдвэр шилжин суурьших аж. Одоогийн байдлаар найман аж ахуйн нэгж паркийн нэгжийн болон паркт газар ашиглах гэрээ байгуулжээ. Мөн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж буй есөн үйлдвэр бэлтгэлээ хангасан гэв. Арьс, шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээх нөхцөл бүрдэнэ. Мөн жилд 8.5 тонн арьс, шир боловсруулж, үүнээс 4.4 тонныг нь гүн боловсруулах боломжтой болж, 5600 орчим ажлын байр нэмэгдэх юм.